Үйл явдал1 мин унших
Зүрх судасны үндэсний төвийн шав тавигдлаа

Өнөөдөр Монгол Улсын эрүүл мэндийн салбарт чухал ач холбогдолтой нэгэн бүтээн байгуулалтын эхлэл тавигдлаа.

Монгол, Люксембургийн Засгийн газар хоорондын олон жилийн хамтын ажиллагааны хүрээнд зүрх судасны оношилгоо, эмчилгээ, мэс засал, телемедициний чиглэлээр Монголын эмч, мэргэжилтнүүдийн чадавхыг үе шаттайгаар бэхжүүлж ирсэн.
Энэ хамтын ажиллагааны үргэлжлэл болсон Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шав өнөөдөр тавигдлаа.

Төслийг 2025 онд УИХ-аар хэлэлцүүлж, зээлийн хэлэлцээрийг батлуулах, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх ажилд оролцож байсны хувьд өнөөдрийн энэ үйл явдал миний хувьд онцгой ач холбогдолтой байна.
Төслийн хүрээнд 120 ортой шинэ эмнэлгийн барилга баригдаж, зүрх судсан дотуурх мэс заслын эмчилгээ, оношилгоо, яаралтай тусламж, сэргээн засах үйлчилгээний боломж нэмэгдэнэ.
Энэ төв ашиглалтад орсноор зөвхөн эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмж нэмэгдэхээс гадна Монголын зүрх судасны салбарын хүний нөөц, сургалт, судалгаа, эмчилгээний арга технологийн хөгжилд ахиц авчирна гэдэгт итгэлтэй байна.
Энэхүү төслийг олон жилийн турш тууштай дэмжин, хамтран ажилласан Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Эрүүл мэндийн яам, Улсын гуравдугаар төв эмнэлэг болон эмч, эмнэлгийн нийт ажилтнууддаа талархал илэрхийлье.

