Байр суурь2 мин унших
Ж.Чинбүрэн: Зүрх судасны эмнэлэг барих төсөл нь ажлын фронтоос бичигдсэн, дэлхийн түвшний эмчилгээний ноу-хаутай том төсөл
УИХ-ын чуулганы /2025.12.25/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Төслийн санаачлагч, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн:
Ганц Улаанбаатар хотод нэг төв байгаад амжилт олохгүй. Дэлгэсэн тэрлэг шиг өргөн уудам нутагт эмнэлгийн тусламж үйлчилгээг аймаг, сум болгонд хүртээмжтэй байлгах том бодлого ЭМЯ барьж байгаа. Энэ чиглэлд бид ажлууд хийж байна. Үүний нэг хэсэг нь Европын сэргээн босголтын банкны төслийн дараа АХБ-аар хэрэгжүүлэх төсөл хоорондоо уялдаа хэлхээтэй ийм төслүүд бий.
Хүний нөөц бэлдэх ажлыг Улсын 3 дугаар төв эмнэлэг Люксембургийн дараалсан төслүүдийн хүрээнд амжилттай хийж чадсан. Европын сэргээн босголтын банктай холбоотой энэ зээлийн тухайд Сангийн яаманд баярлалаа гэж хэлмээр байна. Зээлийн 58%-ийг Европын сэргээн босголтын банкнаас, үлдсэн санхүүжилтийг Люксембургээс буцалтгүй тусламжаар шийдэж байгаа. Буцалтгүй тусламж дотор тоног төхөөрөмжүүдийг суурилуулах боловсон хүчин, хүний нөөцийг бэлдэх, дээрээс нь үйл ажиллагааг жигдэртэл төслийн хугацаа үргэлжилнэ. Энэ удаан хугацаанд барилга байшин барих гээгүй. Үйл ажиллагааг жигдрүүлж Монгол улс даяар зүрх судасны өвчлөлийг бууруулах том бодлогуудыг хэрэгжүүлэх үйл явц явагдана гэсэн үг.
Өнөөдөр өндөр хөгжилтэй орнуудад зүрхний шигдээсээр үхнэ битгий хэл хөгжлийн бэрхшээлтэй болохгүй байгаа. Хөдөлмөрийн чадвар алдалтгүй эмчлэгддэг болоод буй. Тийм учраас энэ ноу хауг Монголдоо нэвтрүүлж, сэргийлж болох нас баралтыг бууруулах том зорилго тавьж байгаагийн илрэл нь сургалтын төв болох ёстой, дээрээс нь ахисан түвшний оношилгоо, эмчилгээ, зүрх шилжүүлэн суулгах хүртэл эмчилгээг хийж чаддаг ийм том төв болно оо. Ингэснээр Монгол улсад энэ зүрх судасны өвчлөлийн эмчилгээг дэлхийн ямар ч улс орноос дутахааргүй хийж чадах ийм том амбицтай төсөл.
Төслийн бас нэг сайн тал нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд Люксембургийн вант улсаас Монгол Улсад 3 дугаар эмнэлэгтэй хамтран ажиллаж, байнгын сургалт явуулж, дээрээс нь цахим тогтолцоо бий болгоод, орон нутагт харвасан, шигдээс болсон хүмүүсийг дэмий тээвэрлэхгүй АНЭ-т нь эмчилгээний зөвлөмж заавар өгч эмчилдэг, хэдийд нь татах, татаад ирэхэд нь хүлээж авах тогтолцоог бий болгож чадсан. Ажлын фронтоосоо төсөл нь бичигдээд гараад ирчихсэн төсөл юм. Тиймээс Эрүүл мэндийн сайдын хувьд бахархууштай, бардам байгаа.
Төсөл хэрэгжсэнээр иргэдээ гадаадад очиж эмнэлгийн тусламж авах гэж хамаг мөнгөө базаад орон гэрээ зараад явдаг биш эх орондоо эмчлүүлж чаддаг байх тогтолцоог хийх том алхам болно. Барилгын ажил бол 3 жил үргэлжилнэ.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
