Үйл явдал2 мин унших
ТОЛГОЙТ ХОТЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ 4-Р ХОРООНООС ЭХЭЛЛЭЭ
Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт 158 га талбай чөлөөлж, анхны жишиг 20 минутын хот байгуулах бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Тэгвэл өнөөдөр /2025.09.05/ Толгойт тэр дундаа Их нарангийн газар чөлөөлөлтийн ажил ийнхүү эхэлж байна.
Нийгмийн суурь үйлчилгээг нэг дороос 20 минутын дотор авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийг 14 хот, 3 дагуул хот болгон хөгжүүлэх Монгол Улсын Их хурлын тогтоол гарсан. Дээрх тогтоолын хүрээнд Сонгинохайрхан дүүргийг Баянхошуу, Толгойт, Өнөр, Сонгинохайрхан гэж дөрвөн хот болгон хуваахаар төлөвлөсөн.
Сонгинохайрхан дүүрэг 350 гаруй мянган хүн амтай. Монгол Улсын нийт хүн амын 10 хувь, нийслэлийн нийт хүн амын 28 хувь нь манай дүүрэгт амьдардаг. Хүн ам ихтэй, газар нутаг том. Үүнээс Баянхошуу, Толгойт бүсүүд агаар, хөрсний бохирдол ихтэй буюу утааны голомт.
Агаарын бохирдлын голомт болсон энэ бүсүүдийг орон сууцжуулснаар дүүргийн болоод Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулна.
Гэр хорооллыг орон сууцжуулах замаар агаар, хөрсний бохирдлыг бууруулах, иргэдэд төрийн үйлчилгээг 20 минутын хугацаанд түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд бид Толгойт хотыг орон сууцжуулах газар чөлөөлөлтийг 4 дүгээр хорооноос эхлүүлээд байна.
4 дүгээр хороо нийт 63 га талбай газар нутагтай 901 нэгж талбартай. Бид хороог бүхэлд нь газар чөлөөлөхөөр төлөвлөсөн. Ингэхдээ хороог 4 багцад хувааж эхний ээлжид 6.5 га талбайн 145 нэгж талбарыг энэ жилдээ багтаж газар чөлөөлөхөөр ажиллаж байна. Хэрэв ингэж чадвал тухайн байршилд 2000 айлын орон сууцны барилга барих ажил эхэлнэ.
Эхний ээлжийн газар чөлөөлөлт хийгдсэнээр 1194 янданг буулгаж, гэр хорооллын 993 нүхэн жорлонг байхгүй болгох боломжтой. Энэ хэрээр гэр хорооллоос үүдэлтэй агаар орчны бохирдол, хөрсний бохирдол, эвдрэл буурна.

