Байр суурь2 мин унших
Д.Үүрийнтуяа: Төсөв дагаж төсвийн хүрээний мэдэгдэлээ өөрчилдөг асуудлыг хэзээ болих вэ!
УИХ-ын чуулганы /2025.09.17/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:
Төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбоотой надад 3 асуулт байна. Нэгдүгээрт бид нар энэ төсөв дагаж төсвийн хүрээгээ өөрчилдөг асуудлыг хэдийнээс эхлээд болих юм бэ? Энэ 2 хуулийн уялдаа холбоог хэзээнээс хангаж ажиллах юм бэ. Өөрчлөх шаардлагатай юу, үгүй юу? Өнгөрсөн 10 жилийн судалгаа харахад төсвийн тухай хуулиа 71 удаа, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа 21 удаа өөрчилжээ. Төсөв өөрчлөгдөх болгонд Тогтвортой байдлын тухай хууль дагаж өөрчлөгддөг. 2027 он гэхэд ирэх жилийн дараагийн төсөв хэлэлцэх үед сүүлийн 10 жилийн урсгал зардлын өсөлтийн хурдаар төсвийн тусгай шаардлагуудаа хангаж чадахгүй хэмжээнд хүрэх нь. Гэтэл төсвийн хүрээ өөдрөгөөр орж ирж байгаа.
Дахиад ирэх онд өөрчлөх үү? Энэ 2 хуулийн уялдаа холбоог хэзээнээс хангадаг болох юм бэ. Үүн дээр тодорхой хариулт өгөөч? Энэ бүх судалгаа бол Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн хийсэн судалгааны дүнгээс авсан мэдээллүүдийг хэлж байгаа. Хоёрдугаарт 2025 онд төлөвлөсөн нүүрсний биет хэмжээ олборлолтын хувьд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11%-аар гүйцэтгэлээр бага гарсан байгаа. Тэгэхээр нүүрсний экспорт энэ оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр нь биет хэмжээ ямар байх юм? Бид энэ 2026 оны төсөв дээр 90 сая тонноор төлөвлөж байна. Энэ бодит хэмжээ мөн үү? Хэр үндэслэлтэй биет хэмжээг төлөвлөж байгаа юм бэ? Гуравдугаарт макро эдийн засгийн асуудлуудыг тодотгож оруулахдаа үндсэн хөрөнгийн өсөлт болоод инфляцын өсөлтийг тайлбарласан 2 тайлбар дээр нэг жишиг 2 эсрэг талаар нь авчхаж.
Тухайлбал үндсэн хөрөнгийн өсөлтөд юу нөлөөлсөн бэ гэхээр малын зүй бус хорогдол өнгөрсөн оны мөн үеэс 7,9 сая тоо толгойгоор буураад, төл сайн авсан учраас биологийн хөрөнгөөр үндсэн хөрөнгийн өсөлт өсчихсөн гээд дүгнэчихсэн байгаа. Гэтэл хэрэглээний инфляц өсөхөд нөлөөлсөн хүчин зүйл нь цахилгааны үнийн өсөлт болон махны үнийн өсөлт. Мах яагаад өссөн бэ гэсэн чинь малын зүй бус хорогдол өндөр байснаас гээд, инфляц өсөх болохоор малын зүй бус хорогдол нь өндөр болчихдог. Үндсэн хөрөнгө өсөөд ирэхээрээ малын зүй бус хорогдол нь бага болчихдог. Энэ ямар дүгнэлт ороод ирэв, үүнийг тодруулж өгнө үү.
Сэтгүүлч Ц.Соёлмаа


















