Байр суурь2 мин унших
Ж.Баясгалан: Зургаахан хоногт 100 мянган иргэн саналаа өгсөн НӨАТ-ын тухай хуулийг хүчингүй болгож байна! Иргэддээ ямар тайлбар хэлэх вэ!
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан:
Монгол Улсын нэгдсэн төсөв, 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028 2029 оны төсвийн төсөөллийн хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай уг хуулийн 17.1-д заасан буюу шилжилтийн үеийн зохицуулалтыг хүчингүй болгохоор ЗГ-т өргөн мэдүүлсэн байна. Жил хүрэхгүй хугацааны өмнө Дунд болон бага орлоготой иргэдэд зориулж 0-500 мянган төгрөгийн худалдан авалт хийвэл буцаан олголтыг 100% олгоно, 1 сая төгрөгийн худалдан авалтад 50%, 1 саяас дээш бол 20%-ийг буцаан олгохоор анх оруулж ирж баталж байсан.
Энэ нь 2026 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлээд дагаж мөрдөгдөх байсан ч мөрдөгдөж амжилгүй хүчингүй болох гээд байна. Нэмэгдсэн өртгийн албан татвар улсын төсвийн 20 орчим хувийг бүрдүүлж байгаа. Ер нь сүүлийн 10 жилд бол НӨАТ тогтвортой өсөж байгаа. 2025 оны гүйцэтгэлээр урьдчилсан байдлаар бол 6,2 их наядад хүрсэн. Энэ хуулийг хүчингүй болгож байгаагийн зорилго нь юу юм? Улс мөнгөгүй болчихсон юм уу эсвэл иргэн баян байж болохгүй байгаа юм уу. Иргэн мөнгөтэй байж болохгүй байгаа юм уу. НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх энэ хууль явах юм бол 1,8 их наядын орлого тасарна гэж байнгын хороон дээрээ мэдэгдсэн.

Энэ чинь уг нь д-парламентаар дамжаад 100 мянга гаруй иргэн санал өгөөд УИХ-аар ороод энэ хуулийн төслийг баталж байсан. Иргэдээс ирсэн санал хүсэлт хамгийн бодитой зүйл байсан. Технологийн дэвшил дээд парламентыг ашигласны хэрэг байхгүй боллоо. Монгол Улсын үндсэн хуулийн 3.1-д заасан засаглах эрх мэдлээ иргэд анх удаагаа ил тод нээлттэй хэрэгжүүлж чадлаа. Иргэдийнхээ үзэл бодлыг эрхэмлэн сонсож, хууль тогтоох Монгол төрийн үндсэн зарчим биелэгдэж байна гэж УИХ-ын индэр дээрээс УИХ-ын дарга хэлж байсан шүү дээ.
Гэтэл тэр яриад байснаа хүчингүй болгох гээд сууж байна. Зургаанхан хоногт ирсэн 100 гаруй мянган иргэний саналыг бид яах юм бэ! Тэд нарт яг ямар тайлбар өгөх юм! Инфляцын түвшин нэмэгдээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой өсөж байна. Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт л буурч байна. Энэ л үед энэ НӨАТ-ын буцаан олголт хамгийн чухал асуудал байсан. Иргэдээ дэмжих, иргэдийнхээ парламентад өгсөн итгэл дээр нь өөрсдийнхөө үзэл бодлыг Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх маш том асуудлыг бид шийдсэн. Үүнийгээ буцааж байгаа дээр шалтгаанаа хэлнэ үү!