Байр суурь3 мин унших
О.Алтангэрэл: Ухаа худгийн орд, Энержи Ресурс компанийн гадаадад зарж борлуулж буй нүүрсний орлого нь Монгол Улсын төлбөрийн тэнцэлд нөлөөлж байна уу, үгүй юу?
УИХ-ын чуулганы /2025.09.17/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:
Үндсэндээ сүүлийн 10 жил, Монгол Улс 2012- 2016 оны З.Энхболд даргатай парламентын Монгол Улсад авч үлдсэн 5 толгойн бүлэг ордын орлогоор амьдарч байна. Энэ төсвийн хүрээний мэдэгдлийг харахаар төлбөрийн тэнцэл эхний 6 сард 462 сая ам.доллар-ын алдагдалтай байгаа юм байна. За валютын нөөц 304 сая.ам доллароор багассан байна. Энэ чинь юу гэсэн үг вэ гэвэл, доллар, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өснө, ард түмний амьдрал хүндэрнэ гэсэн үг. Ирэх жил төсвийн төлбөрийнхөө тэнцэлд ер нь яаж анхаарах гээд байгаа юм бэ? Дөнгөж сая би 5 толгойн бүлэг ордыг дурдлаа. 5 толгойн бүлэг ордын лицензийн талбайн 4,1%-ийг эзэлдэг мөртөө хүрэн нүүрсний 8% ,коксжих нүүрсний 9%, нийт баталгаатай нөөцийн 32-34%-ийн нөөцийг эзэмшиж байгаа Ухаа худгийн орд тэнд үйл ажиллагаа явуулж байгаа Энержи Ресурс компанийн гадаадад зарж борлуулж байгаа нүүрсний орлого нь Монгол Улсын төлбөрийн тэнцэлд нөлөөлж байна уу, үгүй юу? Энэ төлбөрийн тэнцлээ эерэг болгоход өөр ямар нэг арга хэмжээ авах юм уу, үгүй юу?
Уржигдар буюу 2025.09.15 нд Лондонд ОТ-н арбитрын шүүх хурал эхэллээ. Ковидын үед үндсэндээ 1 их наяд гаруй төгрөгийг нь аваад тараачихсан. Одоо шүүх хурал нь явж байна. Үндсэндээ шүүх хурлын явцад нотлогдсон цугларсан нотлох баримт бүх зүйлээс энэ гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай болсон юм байдаг нь тодорхой болчихсон. С.Ганбаатар гишүүний 20 жил ярьсан зүйл үнэн болох нь нотлогдчихсон, ийм байгаа. Хэрвээ энэ арбитрын шийдвэр Монголын талд ашиггүйгээр гарвал энэ төсөвт чинь яаж нөлөөлөх юм. Энэ талын тооцоолол байгаа юм уу. Б.Жавхлан сайд санаачилга гаргаад ажлын хэсэгт бас урьдчилаад энэ асуудлыг шийдвэрлэх тал дээр нэлээд олон алхам төлөвлөөд явж байсан. Харамсалтай нь энэ арбитрын хуралдаа тулаад маргаандаа тулчихлаа.
Энэ асуудлыг урьдчилж ярьж байсан бидний үед ажлын хэсэг байгуулаад явж байсан арга хэмжээнүүдээ авч хэрэгжүүлж болохгүй байсан юм уу. Нэгэнтээ арбитрын шүүхийн шийдвэр Риогийн санаснаар монголын татварын байгууллагын тавьсан тэр татварыг төлөх үндэслэлгүй гээд гарчих юм бол цаашдаа энэ төсөвт яаж нөлөөлөх тооцоо байна вэ? Дээрээс нь ОТ-н мөнгийг Монголын банкаар дамжуулдаг болъё гэж олон жил яриа хэлэлцээр явсан. ОТ-н мөнгийг Монголын банкаар оруулъя гэдэг чинь ерөөсөө энэ төлбөрийн тэнцлийг л сайжруулах гээд байсан зүйл шүү дээ. Энэ зорилт мартагдсан уу. Цаашдаа энэ төлбөрийн тэнцлээ сайжруулахдаа ямар арга хэмжээ авах вэ .
Сэтгүүлч Ц.Соёлмаа


















