Байр суурь2 мин унших
Х.Булгантуяа: Энэ хуулиудаа, тогтвортой сахиад явах сахилга бат манай Засгийн газарт байх ёстой!
УИХ-ын чуулганы /2025.09.18/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд үг хэллээ.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
УИХ 2025 оны 5 сарын 30-нд 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2027, 2028 оны төсвийн төсөөллийг баталсан. Тэр үед бид алдагдалгүй төсөв төсвийн хүрээ 2026 онд баталж өгч байсан байна. Энэ 3 сарын хугацаанд асар их зүйл өөрчлөгдсөн биш. Үнэнийг хэлэхэд Орос, Украйны дайн гараад 3 жил гаруй болж байна. Трамп 2 дахь удаагаа Ерөнхийлөгч болоод худалдааны тариф тогтоох нь тодорхой болоод нэг жил болсон байна. Манай хамгийн том худалдааны түнш бол хамгийн тогтвортой эдийн засгийн бодлого, тогтвортой эдийн засгийн өсөлттэй улс.
Гэв гэнэт 3 сарын дотор бодлогоо эрс өөрчлөөгүй байх гэж би бодож байна. Үүнд тааруулаад ялангуяа хамгийн тогтвортой байх ёстой энэ хуулиудаа, тогтвортой сахиад явах сахилга бат манай Засгийн газарт байх ёстой. Эдийн засгийн хүнд үеийг эдийн засгийн тэлэх бодлого,төсвийн бодлогоор явуулна. Бид нар явуулахаас өөр аргагүй. Төсвийн бодлого хэрвээ зөвхөн төсвийн бодлогыг тэлж эдийн засгийг тэлэх бодлогыг явуулах юм бол мөнгөний бодлогод ажиллах орон зай үлдэхгүй. Энэ бол сүүлийн 20, 30 жилийн ерөнхийдөө давтагдсан гол алдаануудын нэг нь энэ.
Одоо зээлийн хүү ямар байгаа вэ? Та бүхэн харж байгаа байх. 2026 онд улсын төсөв дээр 1 их наяд орчим төгрөгийн тоног төхөөрөмжийн худалдан авалт хийхээр билээ. Энэ бол бүгд гадаад валют болж гадагшаагаа гарна гэсэн үг. Тэгэхээр энэ бүгд дээр та бүхэн дүн шинжилгээгээ хийгээрэй.
Сэтгүүлч Ц.Соёлмаа


















