Үйл явдал1 мин унших
Д.Амарбаясгалан: Ижий, аав, эмээ, өвөө, ахмад хүн бүрт хүндэтгэл талархлаа илэрхийлэхийг идэр, залуу үеийнхэндээ уриалъя

Төр улсынхаа хөгжил дэвшлийн төлөө эгэлгүй сайхан залуу насаа зориулахын зэрэгцээ өтөл буурал насандаа ч өөрийн үрс, ач, зээдээ өмөг түшиг, дэм тусаа хайрласаар байдаг Монголын эрхэм сайхан ахмад үеийнхэн Та бүхэндээ Ахмадын өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Эдийн засаг, нийгмийн шилжилт, шинэчлэлтийн бүхий л үеийн сорилт бэрхшээлийг даван туулж, ардчилсан Монгол Улсаа өнөө үедээ хүлээлгэн өгсөн эрхэм Та бүхэндээ мэхийн ёсолж, гүн хүндэтгэлээ илэрхийлье.
Монгол Улсын Их Хурал ахмад настны эрүүл мэнд, нийгмийн халамж, хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, амьдралын чанар, эрх зүйн баталгааг хангах чиглэлд онцгой анхаарал хандуулж ажиллана.
Энэ өдөр ижий, аав, эмээ, өвөө, ахмад хүн бүрт хүндэтгэл талархлаа илэрхийлж, сэтгэлийн баяр жаргал, хайр халамж бэлэглэхийг идэр, залуу үеийнхэндээ уриалъя.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан
Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба



