#Коммент2 мин унших
Б.Баярбаатар: Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлд иргэд хянамгай, хариуцлагатай хандаж, саналаа өгөх учиртай!

Хайртай хүнээ аврахаар иргэний эр зориг гаргаж эд, эрхтнээ шилжүүлэх эмзэг бөгөөд маргаантай энэ асуудлыг зохицуулах эрх зүйн зайлшгүй шаардлага бий. Тиймээс Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хуулийн төслийг өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцсэн. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар ахлан ажиллаж байгаа.
Манай улсад анх 2006 онд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийснээр эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээ эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш 2011 онд элэг шилжүүлэн суулгах баг, 2014 онд ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах баг, 2018 онд элэг шилжүүлэн суулгах баг тус тус байгуулагдаж шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийж байна. Анагаах ухааны салбар асар хурдтай хөгжихийн хэрээр тухайн үйл явцыг албажуулан зохицуулах үйл явц өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг. Дэлхийн 93 улс оронд эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах эмчилгээг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд 90 орон тус эмчилгээний талаарх бие даасан хууль тогтоомжийг баталжээ. Харин манай улсад энэхүү Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл батлагдсанаар эрх зүйн орчин улам боловсронгуй болж, эмчилгээний үр дүнтэй аргууд нэвтэрч эхэлнэ.
Түүнчлэн, иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн чанартай эмчилгээ, үйлчилгээг авах боломж бүрдэх бөгөөд амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах талаар баримтлах бодлого, зохицуулалт ойлгомжтой, тодорхой болж, эмчилгээний чанар, хүртээмж, үр дүн сайжрах ажээ. Хүний амьдрал, амь настай шууд холбоотой эмзэг хийгээд маш хариуцлагатай хандах ёстой, энэ хуулийн төсөлд иргэн та анхааралтай, хянамгай байж, саналаа өгч оролцох учиртай. Өнөөдрийн байдлаар d.parliament-д 800 гаруй иргэд саналаа өгчээ.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
