Онцлох мэдээ5 мин унших
Цус сэлбэлт, судлалын үндэсний төвд ажиллалаа

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Онцлох мэдээ5 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба
Хэдийгээр боломжийн тоног төхөөрөмж, техник хэрэгслээр тухайн үед тоноглогдсон ч арван жилийн хугацаанд дахин шинэчлэх, технологийн шинэчлэлтийг нэвтрүүлэх шаардлага бий болсон гэдгийг төвийн захирал, анагаах ухааны доктор Б.Нарантуяа хэлсэн юм. Улсын хэмжээнд цус сэлбэлтийн дэд бүтэц, лабораторийн хүчин чадлыг сайжруулснаар аймгуудын нэгдсэн эмнэлгүүдэд ажиллаж буй цусны төвүүд тус тусын хэрэгцээг хангаж буй ч ЦССҮТ-д чанарын хянан баталгаажуулалт хийх боломжгүй байгааг тэрбээр онцолсон юм. Мөн төвийн орон тоо, цалингийн санг анх 70 хүнээр баталж, төдөлгүй 80 хүнтэй байхаар орон тоог нэмэгдүүлсэн боловч цалингийн санг шинэчлэлгүй, хуучнаар нь үлдээсэн байна. Иймд төвийн эмч, бага эмч, сувилагчдын цөөнгүй хэсэг нь давхар ажил хавсран гүйцэтгэж, илүү ачаалалтай ажиллаж байгааг захирал Б.Нарантуяа дурдав. Цус сэлбэлт эмчилгээний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус төв орлогын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, энэхүү давсан орлогоороо зарим тоног төхөөрөмж, техник хэрэгслээ сайжруулах, эмч, ажилчдад урамшуулал олгох зэрэг асуудлаа шийдвэрлэж байна. Гэвч эмнэлгүүдээс авах авлагын хэмжээ 3.0 тэрбум төгрөгөөс даваад байгааг танилцуулсан юм.
Цус, цусан бүтээгдэхүүний хянан баталгаажуулах шинжилгээг өргөжүүлэхийн тулд аймгуудаас сорьц, дээж авч шинжлэн, хариуг онлайнаар мэдээлж ажиллах нь зүйтэй гэсэн хувилбарыг тус төвийнхөн ярилцаж буй юм. Гэвч сорьцоо татан авах тээвэрлэлийн асуудлыг хэрхэн зохицуулахаа шийдэх шаардлагатай болсон байна. Япон Улс энэ ажилд шуудангийн сүлжээг өргөн ашиглаж байгаа талаар Б.Нарантуяа захирал танилцуулж, энэ талаар хуулийн төсөлд тодорхой тусгах шаардлагатайг хэлсэн юм. Тус төвийнхөн эмнэлгүүдийн захиалгат цус, цусан бүтээгдэхүүний хүргэлтийг Улаанбаатарт хотын дотор дрон ашиглан хийж байгаагаа танилцуулсан юм.
Нэг удаа цус өгсөн донор 650 орчим калори алддаг учир түүнийг нөхөх тохирсон илчлэг бүхий зууш, ундыг бэлтгэж өгдөг бөгөөд эдгээрийн үнэ, өртөг жил ирэх тутам өссөөр байгааг Донор зохион байгуулалтын тасгийн технологич эмч Ё.Улсболд танилцуулсан юм. Цусаа хандивлах бүрдээ гурван хүний амь аварч байдаг донорын үйл хэргийг идэвхжүүлэхийн тулд хуулийн төсөлд энэ төрлийн зардал, санхүүжилтийн асуудлыг тодорхой тусгах шаардлага бийг тэрбээр өгүүлэв.
Тус төвийн нэгдсэн лабаораторид донорын болон бүтээгдэхүүний нарийвчилсан шинжилгээг хийхийн зэрэгцээ Улаанбаатар хотын дүүргүүдийн цусны төвүүдийн бүтээгдэхүүнийг нэгдсэн байдлаар шинжилж, баталгаа гаргадаг байна. Цусны донорын хандивласан цуснаас гурван төрлийн бүтээгдэхүүн гаргаж авдаг бөгөөд ЦССҮТ-ийн Үйлдвэрлэлийн тасагт өнөөдрийн байдлаар 36 нэр, төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй юм. Тэдгээрийг гэрлээр болон рентгенээр шарж, эмгэг төрүүлэгч болон дархлагийн эсийг идэвхгүй болгодог бөгөөд эдгээр төхөөрөмжүүдийг шинэчлэх хугацаа болоод байгааг тус тасгийн технологич эмч, Монгол Улсын Гавьяат эмч Н.Халиун танилцуулав. Бүтээгдэхүүн тус бүрийн хадгалалт, нөөцлөлт, түүний горим, тохиргоо нь харилцан адилгүй бөгөөд 30-80 хэмийн хүйтэн орчинд, таван хоногоос 10 жил ч хадгалж болдог онцлогтой юм. Харьцангуй хүйтэн орчинд ажилладаг учир ханиад хүрчихгүй байхыг хичээдэг гэдгээ тэрбээр дурдаж байлаа.

Мөн цусны донорыг урамшуулах, алдаршуулах үйл ажиллагааны талаар төвийн Нийгмийн ажилтан Д.Дулмаа танилцууллаа. Дэлхий дахинд жил бүрийн зургадугаар сарын 10-ныг Цусны донорын өдөр болгон тэмдэглэдэг бол манай улс сар бүрийн 03-ныг “Цусаа бэлэглэх өдөр” болгоод байгаа юм. Одоогийн байдлаар манай улсад 35-аас дээш удаа цусаа хандивласан “Хүндэт донор” 3699 байгаа бол 70-аас дээш удаа өгсөн “Хүрэл донор” 228, 100-аас дээш удаа өгсөн “Мөнгөн донор” 50, 150-иас дээш удаа өгсөн “Алтан донор” 15 байна. Мөн 200-аас олон удаа цусаа хандивлаж олон зуун хүний амь, амьдралыг аварсан хоёр “Топ донор” байгааг Нийгмийн ажилтан Д.Дулмаа онцолж, 150-иас дээс удаа цусаа өгсөн доноруудыг ЦССҮТ-өөс тодорхойлон, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагнуулдаг гэлээ. Хамгийн олон буюу 256 удаа өөрийн “шингэн эрхтэн”-ээсээ хандивласан донорын үйл хэргийг үнэлэх, “Гавьяат донор” цол бий болгох талаар хуулийн төсөлд тусгах боломжтой эсэхийг хөндөж байв.
ЦССҮТ-өөс цусаа бэлэглэх үйлсийг дэлгэрүүлэх зорилгоор “Бахархал” тэмдгийг бий болгосон байна. Энэ өдөр 10 дахь удаагаа цусаа хандивласан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатад “Бахархал 10” тэмдэг гардуулж, баяр хүргэлээ. 10 удаа цусаа хандивлахад хоёр жил зарцуулсан тухайгаа Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат сонирхуулсан юм.