Байр суурь1 мин унших
Ц.Мөнхбат: Төсвөө буцаагаад цалин, тэтгэврийн асуудлаа тусгаад дахин оруулж ирэх зарчмын асуудал л тавьсан
УИХ-ын чуулганы /2025.10.09/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуув.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат:
Жишээ нь өмнөх ЗГ цаашдаа алдагдалгүй төсөв батлах ёстой гэсэн зарчим баримтлаад явна гэчхээд энэ удаад алдагдалтай батлахгүй бол болохгүй байна гэдэг нь бодлогын зарчмаасаа ухраад байгаа хэрэг бишүү?
Хоёрдугаарт, АН-ын бүлэг энэ удаагийн төсвийг буцаах ёстой, алдагдалгүй болгох ёстой. Өдөр бүр жагсаал цуглаан хийгээд байгаа энэ ахмадууд, багш, эмч нарын цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг тодорхой түвшинд нэмэгдүүлэх ёстой. Тиймээс төсвөө буцааж аваад энэ яригдаж буй асуудлуудаа суулгаад дахин оруулж ирэх боломж байна гэдэг зарчмын асуудал тавьсан. Үүнд хариу өгөхгүйгээр хэлэлцүүлгүүд яваад байна. Энэ асуудал дээр ямар бодолтой, байр суурьтай байна вэ гэдгийг асуумаар байна.
Төсвийн зардал нэмэгдэж, төсөв томорч байгаа ч ямар хөгжил дэвшилд хүрсэн нь харагдахгүй байгаад хүмүүс бухимдаад байгаа юм. Энэ асуудал дээр байр сууриа илэрхийлээч.
Гуравдугаарт, Газрын тосны үйлдвэр барих гээд олон жил болж байна. Бид зээлээ авчихсан. Гэтэл ашиглаж чадахгүй байна. Хүү төлөөд байдаг. Энэ тал дээр бодлогын шийдвэртэй алхам хийх хэрэгтэй гэж харж байна.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн


















