Байр суурь2 мин унших
Ц.Идэрбат: Тэтгэврийн зээл бизнесийн зээлийн хүүтэй адилхан хамгийн өндөр буюу 20 жилийн 20% болчхоод байна!
УИХ-ын чуулганы /2025.10.09/-ний өдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуув.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл жил болгон батлагддаг. Инфляцын түвшнийг 6+ нэмж, хасах нь 2% гээд явж байгаа. Гэтэл бодит амьдрал дээр энэ хүрээндээ бид хадгалж чадаж байна уу хэмээн эргэлзээтэй хандах бодит шаардлага үүссэн байна. Иргэд дээр очоод бид нар 6%-ийн инфляцтай байна. 7 хүрээд байна гэж хэлэхэд өөдөөс худлаа яриад бай л гээд байгаа шүү дээ.
Монгол банкн инфляцын түвшинг барих зорилгоо сүүлийн хэдэн жил яаж биелүүлэв гэж та бүхэн харж байна. Дайнтай, ковидтой үед тодорхой хэмжээнд барьж чадаж байна аа гэдгийг би хэлж байсан. Харин өнөөдөр бол яг үндсэн энэ үүргээ хэр биелүүлж байна, ямар хүчин зүйлүүд нөлөөлж байна вэ?
Монгол банктай холбоотой томоохон хууль гарсан нь Э.Батшугар гишүүний өргөн барьж батлуулсан Зээлийн мэдээллийн сангийн хууль. Үүний хэрэгжилт 9 сарын 1-нээс эхэлсэн байгаа юм. Энэ нь тодорхой үр дүнд хүрээгүй, дахиад л баахан чирэгдэл учруулсан гомдлууд маш ихээр ирээд байгаа юм. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд ямар саад тотгор гараад байгаа юм? Хэрэгжих боломжтой хуулийг Их хурал батлаад өгдөг. Хэрэгжүүлэх процесс нь асуудалтай яваад байвал бас л нэг хэрэгждэггүй хуулийн жишээ болчих вий гэдэгт санаа зовоод байгаа юм.
Дараагийнх нь тэтгэврийн зээлийн хүүтэй холбоотой асуудал. Монгол банк энэ дээр яах вэ? Зээлийн олголтыг арилжааны банкнуудад хариуцуулчихсан. Та бүхэн бол уснаас гялс мултсан л даа.
Гэхдээ арилжааны банкнууд янз янзын үзэмжээрээ хандаад байгаа юм байна лээ. Зарим нь 6 сар, зарим нь 18 сар гээд. Энэ асуудалд бодлого хэрэгтэй. Үүнийг инфляцад нөлөөлдөг гэж та бүхэн үздэг. Тэтгэвэр авагч нарт тодорхой болгоод хэн хэндээ ойлгомжтой байдал руу явуулж болдоггүй юмуу?
Нөгөө талдаа тэтгэврийн зээл хамгийн өндөр бизнесийн хүүтэй адилхан 20 жилийн 20% болчхоод байгаа юм байна лээ шүү дээ. Гэтэл зээлийн хүү тооцох тэр аргачлал дотор нэлээдгүй хувь нь зээлийн эрсдэлт эрсдэлийг тооцож тооцсон хүү байдаг аа. Гэтэл энэ тэтгэврийн зээл нь өөрөө эрсдэлгүй учраас энэ зээлийн хүү бодож байгаа тэр аргачлал дотроос ядаж тэр эрсдэлийг тооцсон хүүг нь буулгачих бололцоо байдгийг банкныхан өөрсдөө ч ярьдаг. Өнгөрсөн 6 сард үүнийг асуухад маш боломжтой зүйл шүү. Зөв юм ярьж байна шүү л гэсэн.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн




