Байр суурь2 мин унших
Засгийн Газар бодлогынхоо уялдааг сайн хангаж ажиллаарай
УИХ-ын чуулганы /2026.11.20/-ны өдрийн хуралдаанаар Монголбанкнаас 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлсэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
УИХ-ын гишүүн Р.Батболд дараах байр суурийг илэрхийллээ.
Тогтоолын төслийн 2-ын тавтай холбоотой, иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор орон сууцын ипотекийн зээлийн нийт санхүүжилтийн 10%-ийг нийслэлд, 10%-ийг аймаг сумдын бие даасан болон хэсэгчилсэн дэд бүтэц бүхий амины орон сууцын зээлд олгох гэсэн зүйл байна. Засгийн Газар бодлогынхоо уялдааг сайн хангаж ажиллаарай.
Их Хурал дээр Орон сууцжуулалтын тухай хууль, Орон сууцын санхүүжилтийн банкны тухай хууль явж байгаа. Дээрээс нь Их Хурлын даргын захирамжаар байгуулагдчихсан Эко айл өрх гэсэн ажлын хэсэг ажиллаж байна. Бат-Эрдэнэ даргын ахалсан нийслэл Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх бодлогын баримт бичиг ажлын хэсэг ажиллаад явж байна. Үүнтэйгээ холбоотой бодлогынхоо уялдааг сайн хангаж ажиллаарай.
Амины орон сууцын ипотекийн зээлийг энд тэнд цоолоод өгчих вий. Нийслэл хот 2040 он хүртэл нийслэл хотыг хөгжүүлэх бодлогын баримт бичигтэйгээ зөрөлдөөд явчих вий. Нийслэл хот дараа нь ямар нэгэн газар чөлөөлөлт, бодлогоороо байшин барилга, орон сууцжуулалтын ажил хийх гэхээр тэр газар дээр нь ипотекийн зээл авчихсан айл өрх гараад ирэх вий. Үүн дээр сайн анхаарч ажиллаарай гэдэг зүйлийг их хурлын чуулган дээр хэлмээр байна.
Сэтгүүлч Х.Оюумаа
