Байр суурь2 мин унших
А.Ариунзаяа: Бид банкны салбараасаа илүүтэй даатгалын зах зээл, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд анхаарч ажиллахгүй бол чөтгөрийн тойргоосоо гарч чадахгүй байна
УИХ-ын чуулганы /2025.10.09/-ний өдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуув.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
Дэлхийн мөнгөний бодлого хэрхэн яаж явдаг уг зарчимд нийцүүлж болохгүй юу? Энэ эерэг гэхээсээ илүү сөрөг, батлагдсан чиглэлийнхээ дагуу инфляцын түвшнээ барьж чаддаггүй. УИХ-ын гишүүд, УИХ өөрөө харьяа байгууллагууд дотроосоо Монгол банк болон СЗХ-г 2 өөр нүдээр хараад байдгийг би хувьдаа буруу гэж боддог.
СЗХ-ны асуудал Монгол банктайгаа ижил, эн тэнцүү машид чухал. Яг одоо иргэдийн амьдралд нь хамгийн их нөлөөлдөг асуудал банк гэхээсээ илүүтэй банк бус, ломбард, хадгаламж зээлийн хоршоо, 1 өдрийн жижиг зээлүүд байдаг учраас СЗХ-ны ажлыг маш өндөрт авч хэлэлцэж, хуулийг нь сайн харж, банкны салбараасаа илүүтэй даатгалын зах зээл, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх тал дээр ярьж, анхаарч явахгүй бол бид чөтгөрийн тойргоосоо гарч чадахгүй байна аа. Монгол банкны бодлогыг дэлхийн бусад улс орнуудад хэрхэн яаж авч хэлэлцдэг юм? Ер нь үүнийг болих тал дээр санаачилга гаргах хэрэгтэй байна аа гэдгийг асууя.
Валютын нөөцтэй холбоотой үл ойлголцол гэхүү буруу мэдээлэл яваад байх шиг санагдаад байна. Улсын нөөц гэж юу юм, төрийн нөөц нь тусдаа юу? Энэ валютын нөөц юу юунаас бүрддэг юм, одоогийн нөхцөл байдал ямар байгаа вэ гэдэг талаар мэдээлэл өгөөч.
Монгол банкны өрийн асуудал санаа зовохуйц хэмжээнд байна. Тэгэхээр үүн дээр бас анхаарах хэрэгцээ, шаардлага байна аа. Цаашлаад төрийн хэмнэлтийн бодлогын дотор Монгол банк өөрөө дотооддоо үүссэн нөхцөл байдал дээрээ үнэлгээ, дүгнэлт өгч байгаа юу? Хүний нөөцийн бодлого, газар хэлтсийн тоо зэрэг асуудлууд олон нийтийн анхааралд орж байгаа учраас энэ тал дээр танайхаас ямар бодлого баримталж байгаа вэ?
Түүний асуултад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн



