Байр суурь2 мин унших

С.Цэнгүүн: Хүүхдийн мөнгө бол хүн амын бодлого тул үргэлжлэх ёстой. Шууд дансанд нь бэлэн мөнгө хэлбэрээр хийхээс илүү аав, ээжийнх нь хөдөлмөр эрхлэлтийг ХХОАТ-аас чөлөөлөх зэргээр дэмжиж болно.

УИХ-ын чуулганы /2025.10.09/-ний өдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: 

Монгол Улсын мөнгөний бодлогын талаар ярилцаж байна. Монгол банкны хувьд зайлшгүй үндсэн хариуцаж явж байгаа зүйл нь инфляцын тухай бодлого. Инфляцад хамгийн ихээр нөлөөлдөг зүйл ЗГ-ын урсгал зардлаар дамжаад бэлэн мөнгө өгөх, зах зээл рүү их хэмжээгээр нийлүүлэгдэх асуудал юм. Маш гоё нэртэй төслүүдийг ЗГ санаачлаад бэлэн мөнгө хэлбэрээр зах зээл рүү шууд нийлүүлдэг. Үүнийг жил болгоны сонгуультай холбоотойгоор элдэв шинэ төслүүдийг санаачилчихдаг. Жишээ нь, 2024 оны 2 сард ЭТТ-гоос 1072 хувьцааг нэг хүнд 350 мянган төгрөгөөр өгнө гэж тооцоод тухайн жилдээ 4,5 их наяд цэвэр ашигтай ажиллаж байсан ЭТТ-гоос 3,9 их наядыг нь тараачихсан. 1 тэрбум ам.долларын дүнгээр бид жишээ нь 600мвт цахилгаан станцыг ч барьчих бүрэн боломжтой байсан. Харин энэ нь бэлэн мөнгө хэлбэрээр иргэдэд тараагдаад инфляцаа өсгөөд дууссан байгаа юм. Энэ нь ч тоонуудаараа харагдана. 

Үүний дараагаас “шинэ хоршоо” хөтөлбөр гэх зэргээр бэлэн мөнгийг иргэд рүү амлалт хэлбэрээр оруулсан "гажуудсан тогтолцоо" байна. Хүүхдийн мөнгө нь хүн амын бодлоготой уялддаг учраас үргэлжлэх ёстой. Хүн амынхаа бодлогыг хэрхэн зөвөөр төлөвлөх вэ гэвэл хөдөлмөр эрхлэлттэй холбож өгөх ёстой. Нэг ёсондоо, хүүхдийн мөнгийг бэлэн мөнгөөр дансанд нь хийх гэхээсээ илүүтэйгээр өрх айл бүл нэмбэл хөдөлмөр эрхэлж байгаа ээж, аавуудыг орлогын албан татвараас чөлөөлөх болон бусад албан татваруудаас чөлөөлөх байдлаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ёстой. Нэн ядуу, хүнсний хомсдолд орчихсон өрхүүдэд тусгай бодлого хэрэгжүүлдэг улс орнуудын жишиг ч байдаг. Ингэхдээ дотоодын үйлдвэрлэгч нараас сүү, хүнс, хүнсний бүтээгдэхүүн, буюу хүүхдэд зориулсан бүтээгдэхүүнүүдийг худалдаж авах зорилгоор гаргадаг. Харин бид эсэргээрээ бэлэн мөнгийг нийлүүлчихдэг нь буруу. Хүүхдийн мөнгийг хасах, өгөхгүй гэдэг талаас нь харж болохгүй. Хамгийн гол бодлогыг хөдөлмөр эрхлэлттэй хэрхэн, яаж уях вэ гэдэг дээр анхаарах шаардлага байна! 

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Мөнгөний бодлогоХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2014
  2. 2012
  3. 2009