Онцлох мэдээ3 мин унших
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн талаар хэлэлцлээ

УИХ-ын чуулганы /2025.10.09/-ний өдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн төслийн талаар танилцуулав.
Эдийн засгийн сэргэлт, өсөлтийг дунд хугацаанд тогтвортой үргэлжлүүлэх нь өнгөрсөн жилийн мөнгөний бодлогыг боловсруулахад чухал зарчим, зорилт болж байсныг дурдаад “Энэ удаа ч бодлого, үйл ажиллагааг төлөвлөхөд энэхүү зорилт нь улам бүр ач холбогдолтой болж байна. Дэлхий нийтэд цахим шилжилт, олон улсын худалдаа, харилцаанд гарч буй өөрчлөлт, түүний нөлөөгөөр олон улсын мөнгө, санхүүгийн тогтолцоо, хурдтай хувьсан өөрчлөгдөж байгаа нөхцөлд байдалтай уялдуулан эдийн засгийн тогтвортой байдлыг дунд хугацаанд хадгалах, бэхжүүлэхэд чиглэсэн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг боловсрууллаа” хэмээсэн.
Монгол Улсын эдийн засаг харьцангуй тогтворжиж, оны эхний хагаст 5.6 хувиар өссөн байна. Үүнд өнгөрсөн өвөл тохиосон зудын нөлөө арилж, хөдөө аж ахуйн салбар оны эхний хагаст 35.6 хувиар өссөн нь нийт өсөлтийн талаас илүү хувийг бүрдүүлсэн байна. Төмөр зам, орон сууцны барилгын ажил идэвхжиж, барилгын салбар 25.2 хувиар, үйлчилгээний салбар 4.5 хувиар өссөн нь эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлжээ.Энэ оны сүүлийн хагаст зэсийн олборлолт нэмэгдэх, шинэ төслүүдийн бүтээн байгуулалт эрчимжих зэрэг нь эдийн засгийн өсөлтийг дэмжиж, улмаар эдийн засгийн өсөлт 2025, 2026 онд 5-6 хувийн тогтвортой өсөлттэй байх хүлээлттэй байгаа гэв. Инфляцыг бууруулж, эдийн засгийг тогтворжуулах зорилгоор авч хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын арга хэмжээ үр дүнгээ өгч, инфляц энэ оны 2-7 дугаар сарын хооронд буурсан ч 8 дугаар сард дотоодын хүнсний үнийн нөлөөгөөр бага хэмжээгээр нэмэгдсэн болохыг танилцуулгад дурдав. Ирэх саруудад хүнсний үнийн нөлөөгөөр инфляц эрчимжиж болзошгүй байгаа ч цаашдаа алгуур буурч, 2026 онд зорилтот интервалд орох хүлээлттэй байгаа гэлээ.
Түүнчлэн төлөвлөсөн бүтээн байгуулалтуудыг гадаад эх үүсвэрээр санхүүжүүлэх шаардлага хэвээр байгааг тэмдэглэв. Дотоодын эх үүсвэрээр санхүүжүүлэх нь эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэр алдагдах, төлбөрийн тэнцэл, төгрөгийн ханш, инфляцын дарамт нэмэгдэх эрсдэлтэйг дурдсан. Инфляцын зорилтыг хангахад мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж, хүнсний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн доголдлыг технологийн шийдлүүд ашиглан шуурхай шийдвэрлэх, улмаар ахиц дэвшил гаргахад анхаарч ажиллах нь чухал байгааг онцоллоо. Мөн гол нэрийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэлтийг тогтворжуулах нь үнийн савлагааг бууруулж, иргэд, үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагчдын бодит орлогыг хамгаалсан нам, тогтвортой түвшний инфляцын орчин бүрдүүлэх суурь болохыг Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч танилцуулав.
Дэлхий дахинд худалдааны бодлого, улс орнуудын харилцаа хурдтай өөрчлөгдөж байгааг тэрбээр дурдаад “Энэ нь глобал эдийн засгийн төлөв манай улсын гадаад эрэлт, түүхий эдийн үнэд сөргөөр нөлөөлж байна. Нүүрсний экспортын орлого оны эхний 8 сард өмнөх жилийн мөн үеэс 2.7 тэрбум ам.доллароор багассан нь үүний илрэл болж байна. Гадаад худалдааны эргэлт саарч, урсгал дансны алдагдал тэлж буй энэ үед Засгийн газар, банкнууд болон хувийн секторын гадаад зээл, бондын эх үүсвэр нь гадаад валютын дотогшлох урсгалыг тэтгэж байгаа” гэв.
УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.
Сэтгүүлч Ц.Соёлмаа



