#Коммент1 мин унших
Х.Тэмүүжин: Ардчилсан нам Ардын намын өмнөөс ямар ч хариуцлага хүлээгээгүй, бид улс орны өмнө үүрэг хариуцлага хүлээсэн!

УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрын улс төрийн зодоон Монгол төрийн ажлыг зогсоож буйд олон нийт бухимдаж байна. Байнгын ажиллагаатай парламент УИХ дахь эрх баригч намын бүлэг, байнгын хороо, чуулганы хуралдаанаа ч тасалдуулж эхлэв. Түүнчлэн УИХ-ын чуулганы хуралдаанаар ирэх оны төсвөө ид хэлэлцэж байх ёстой ч санал хураалтаа явуулж чадахгүйд хүрсэн.
Улс орны хэмжээнд шийдэх олон асуудал шил, шилээ даран хүлээгдэж буй энэ нөхцөлд эрх баригч намын дотоод зөрчлөөс улбаатай парламентын үйл ажиллагааг тасалдуулж буйд УИХ-ын зарим гишүүд шүүмжлэлтэй хандаж, өөрийн байр суурийг хатуу илэрхийлсээр байгаа.
Тухайлбал УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:Улс төрийн зорилгоор хэн намынхаа дарга болох вэ гэдэг хэрүүлийнхээ дунд гаргаж шидэж байгаа гэмт хэргүүдийг шударгаар шийднэ гэдэгт итгэхгүй байгаа. Үнэхээр энэ яриад байгаа гэмт хэргүүд, нүүрсний хулгайтай шийдэмгий зоригтой тэмцэх байсан бол заавал намын даргын өрсөлдөөнөөрөө биш хоёр, гурван жилийн өмнө эхэлж болох байсан.
Ардчилсан нам Ардын намын өмнөөс ямар ч хариуцлага хүлээгээгүй. Бид улс орны өмнө үүрэг хариуцлага хүлээсэн. Сандал суудлынхаа төлөө улс орноороо тоглох хэмжээнд зодолдож байгаа бол хоёул хоёулаа явах ёстой.
Ямар ч нөхцөлд эргэлзээтэй байгаа албан тушаалтанд хариуцлага тооцох бол кнопоо дарна. Ардчилсан нам бол сөрөг хүчин, бид Ардын намын хуваагдал, талцалд орж тэдний өмнөөс хэрэлдэх ямар ч сонирхол байхгүй!
Сэтгүүлч Ц.Соёлмаа
