Байр суурь2 мин унших
Б.Түвшин: Гадаад дотоод орчин, геополитик, эдийн засаг тогтворгүй үед төрөөрөө тоглож болохгүй!
УИХ-ын чуулганы /2025.10.17/-ны хуралдаанаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асуув.
УИХ-ын гишүүн Б.Түвшин:
Монголынхоо төрөөр нэлээн их оролдож байх шиг байна. Өчигдөр АН-ын бүлэг үдээс хойш шийдвэр гаргаад бүлгээрээ орж ирж байгаа асуудлыг хоёуланг нь огцруулъя гэдэг ийм шийдвэр гаргасан. Орой харанхуй болсон 18:00 цагаас хойш ажил тарчихсан учраас энэ ирцийг бүрдүүлэхгүй явсаар байгаад өнөөдөр өглөө 10:00 цагаас явж байна. Төрөөрөө тоглох хоорондын энэ хагарлаа, МАН жаахан бодооч. Дараагийн төрөө яаж байгуулах юм. Ер нь энэ гадаад, дотоод орчин, геополитикийн орчин эвгүй, эдийн засгийн тогтворгүй үед төрөөрөө тоглож болж байгаа юм уу. Монгол төр өөрөө тогтвортой байж явна. Бид нарыг МАН-ын, АН-ын Монгол гэж байхгүй. Төрийг тогтвортой байлгах талаар та нар цааш, цаашдаа бодоорой.
Өнөөдөр Ардын намын даргын төлөөх уралдаан Монгол төрийн хямрал болж магадгүй Үндсэн хуулийн маргалдаан болж мэдэхээр ийм хүнд байдал руу орж байна. Эндээс ард түмэн нэг л юм хожиж байгаа. Хэн хаанаас юу хийж байна, хаана их мөнгө байна, хулгай зэлгий хаагуур хийгдэж байна гэж. Үүн дээр дараагийнх нь хэн ч болсон байсан Засагт нэг даалгавар өгөх хэрэгтэй. Та нар үүнийг бас томьёолоод оруулж өгөөрэй. Үнэхээр бид нар Монгол улсын төсвийг ярьж байгаа. Бид нарын яриад байгаа мөнгө бол энэ төрийн хэрэглэгдэж байгаа нийт мөнгөний ердөө л 3/1 нь юм байна. Үүнээс хэд дахин их мөнгө ТӨК-уудад явж байна, тэр нь дандаа буруу замаар явж байна. Ерөөсөө энэ ТӨК-удын мөнгө идэж уудаг энэ тогтолцоо руу цаашаа явчихсан.

Тийм учраас Төрийн өмчийн компаниудын хувьцаа эзэмшигчийг УИХ-д шилжүүлэх ёстой. Төрийн өмчийн компанийн үндсэн үйл ажиллагаанаас бусад компаниудын бусад зардлуудыг олон нийтэд ил болгож өөрчлөхгүй бол энэ хулгай тасрахгүй. Энэ нь төсвийн нэгэн бүрэлдэхүүн байх ёстой. Монгол төрөөрөө цаашдаа та нар бага тоглоорой. Монголын төр одоо мөнхөд орших ёстой. Энэ засаг барьж байгаа 68 хүнд Монголын ард түмэн итгэж, та нарыг Монгол Улсаа хөгжүүлнэ гэж найдаж явж байгаа.
АН өөрийн үүрэг хариуцлагаа нэр төртэйгөөр биелүүлээд явж байгаа. Өчигдөр Үндсэн хуулийн маргаантай байж магадгүй асуудал дээрээс шөнө орой болсон хойно засгаа унагаахгүй. Ер нь энэ засгийн хэрүүлд оролцохгүй өглөө цагтаа эхэлье гэсэн . Гэтэл Их хурлын даргын индэр ашиглаад их харлуулсан. Х.Булгантуяа гишүүн уучлал хүсэх ёстой. Гишүүд ажлаа хийгээд өөр өөрийнхөө эрх мэдэл, үүрэг хариуцлагын хүрээнд хуралдаа оролцоод явж байгаа. МАН-ынхан бага хулгай хийж, төрөө тогтвортой байлаж, ард түмнээ бодоорой.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
