Байр суурь2 мин унших
Ц.Туваан: Төсөв, цалин, НД-ын асуудал хэлэлцэгдэж буй энэ үед монгол залуусаа эх орондоо сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд онгойлон анхааръя
УИХ-ын чуулганы /2025.11.05/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт тавив.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
Уг хэлэлцээрийг дэмжиж байна аа. Жаахан цаг хугацаа алдчихсан. ЗГ хоорондын хэлэлцээрүүдээ улс төржсөнөөрөө алдаа гаргаж хойшлуулдаг ийм хор хохиролтой зүйл хийчихээд байгаа юм. Энэ бол олон иргэдийн нийгмийн даатгалын тэтгэврийн асуудал.
Үүнтэй адил бензин дээр газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх хэлэлцээрийг нь баталчихаад онгоцны түлш ярьж байхад Чингис хаан буудлаа алдах гэж байна гэж ярьсаар зогсоочихсон. Үүний сүүдэр сая бензины асуудал дээр туслаа.
Манай улсын гадаадад ажиллаж буй иргэдийн ихэнх нь ажилладаг Солонгос улстай энэ хэлэлцээрийг маш ам амжилттай хийгээд хэрэгжээд явж байгаа. Цаашид монгол хүн ажиллаж байгаа бүх улсуудад энэ хэлэлцээрийг хийх нь зөв.
Учир нь ахмад насандаа ирж тэтгэвэртэй болох үед нь шаардагдах маш чухал асуудал учир яаралтай шийдэх хэрэгтэй. Бид өмнө нь 64 буюу 64-өөс дээш гишүүнтэйгээр Засгийн газар хоорондын хэлэлцээрийг дэмжих ёстой байгаад уначихсан.
Монгол Улсын хамаг л сор болсон залуучууд гадаад улсад хатуухан хэлэхэд боолын хөдөлмөр эрхэлж байгаа. Тэнд хүний эрхийн зөрчил, ажлын байрны дарамт гээд янз бүрийн дарамт шахалтуудын дор монгол залуучууд ажиллаж байна.
Тэгэхээр төсөв хэлэлцэгдэж байгаа энэ үед нийгмийн даатгалын асуудал хэлэлцэгдэж байгаа энэ үед цалин, тэтгэврийн асуудал хэлэлцэгдэж байгаа энэ үед энэ залуучуудаа Монгол орондоо ажиллаж амьдрах нөхцөлийг нь бүрдүүлэх талд дээр бүгдээрээ илүүтэй анхаарч ажиллах шаардлагатай байна гэдгийг хэлье!
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн



