#Коммент3 мин унших
Б.Дэлгэрсайхан: Ирэх таван жилд ДӨРВӨН боомтыг төмөр замаар холбоно

Монгол Улсын Засгийн газар ирэх таван жилийн төлөвлөгөөнд эрс шинэчлэлийн хүрээнд дөрвөн боомтыг төмөр замаар холбоно. Эхний боомт холбогдох ажил явж байна. Дараагийнх нь Сэхээ-Шивээхүрэн, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч гэсэн дөрвөн боомтыг төмөр замаар холбох бөгөөд нийтдээ 2500 км төмөр замыг тавина.
Төмөр замын бодлогод хурдны төмөр зам тавих асуудлыг оруулсан. Хурдны төмөр зам гэхээр зарим хүн өндөр хурдны галт тэрэг хэмээн андуурдаг. 260 км/цаг хурдтай хурдны төмөр замыг Зам, тээврийн бодлого бодлого болгон оруулж байгаа. Энэхүү төмөр замаар том хотууд болон босоо тэнхлэгийн аймгуудаа холбосноор төвлөрлийг сааруулах боломжтой гэж үзэж байгаа юм.
Хөшигийн хөндийн төмөр замын тухайд өмнө нь Богдхан төмөр зам хэмээн нэрлэгдэж байсан төмөр замыг хоёр улсын хамтарсан ТУЗ-аас шийдвэр гараагүйн улмаас хойшлогдсон. Харин өнгөрсөн хавар Багахангай-Хөшигийн хөндийн салаа төмөр зам барих ажлыг Засгийн газраас 2025 оны тавдугаар сард шийдвэр гаргаад зургадугаар сард эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 82 км төмөр замыг барьчихаад байна. Ирэх хавар Эмээлт буюу Рашаантын аль нэгтэй холбохоор зургийг нь хийгээд явж байна. Энэ хүрээнд ОХУ-ын талтай бүх шатанд зөвшилцөлд хүрээд явж байгаа. Ямар нэгэн асуудал гарахгүй.
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын ач холбогдол их. Бид 2024 онд болсон Дүнжингаравын газын дэлбэрэлтээс хойш аюултай ачаа тээврийг хотоос гаргах нь Засгийн газрын нэн тэргүүний зорилт болсон. Энэхүү бүтээн байгуулалтын ажилд Монгол Улсын дотоодын 100 гаруй ААН, байгууллагын 2500 орчим инженер техникийн ажилтан хичээл зүтгэл нэгтэй оролцож, төмөр замын барилгын ажлыг богино хугацаанд хариуцлагатай чанартай барьж байгуулах ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК компанийн баг хамт олон хариуцан гүйцэтгэж байна.
Түүнчлэн манай улсад тэр бүр хийгдэж байгаагүй томоохон гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг монгол инженерүүд энд бүтээж байгаа. Монголд анх удаагаа баригдаж буй энэ төслийн гүүрийн төмөр бетон дам нурууг амжилттай угсарч дуусгалаа. Энэхүү гүүр нь Монгол Улсад анхдагч төсөл бөгөөд М650 маркийн бетоныг ашигласнаар гүүрийн насжилт мэдэгдэхүйц уртасч засвар арчилгааны давтамж буурах, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, санхүүгийн зардлыг хэмнэх зэрэг олон талын ач холбогдолтой.Мөн газар хөдлөлт болон динамик ачааллын нөлөөллөөс хамгаалах зорилгоор тусгай дампер суурилуулсан нь манай улсад анхдагч технологийн шийдэл юм. Ийнхүү Багахангай-Хөшгийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн гүүр нь дэвшилтэт технологи, шинэлэг инженерийн шийдлийг нутагшуулсан Монгол Улсын төмөр замын салбарын шинэ түвшний бүтээн байгуулалтыг хийсэн онцлох төслийн нэг болж байна.
Энэ салбар төмөр зам ашиглалтад орсноор аюултай ачаа тээврийг Улаанбаатар хотоос гаргах, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зэрэг чухал ач холбогдолтой. Монгол инженерүүдийн ур чадвар сэтгэл зүтгэлээр бүтэж буй энэ төмөр зам зөвхөн тээвэр ложистикийн шинэ зам төдий биш, монголчууд өөрсдийн хүчээр дэлхийн түвшний бүтээн байгуулалт өрнүүлэх чадамжтай ард түмэн гэдгийг баталсан үндэсний томоохон бүтээн байгуулалт гэдгээрээ онцлогтой.
Эх сурвалж:
Vip76.mn
