Үйл явдал2 мин унших
“Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийж буй төрийн айлчлал нь Монгол, Энэтхэгийн дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиосон онцгой цаг үед хэрэгжиж хоёр орны уламжлалт найрсаг харилцааг шинэ агуулгаар баяжуулан, хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэхэд чиглэж байна.
Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди нар албан ёсны хэлэлцээ хийж, “Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурлаа.
Хэлэлцээний дүнд 10 гаруй баримт бичиг байгуулсны дотор хоршооллын хөгжил, хүмүүнлэгийн тусламж, жижиг төслүүдэд Энэтхэгийн буцалтгүй тусламжийг чиглүүлэх хэлэлцээр, Богд хааны өвлийн ордныг сэргээн засварлах, геологи, ашигт малтмалын салбарын хамтын ажиллагаа, соёлын солилцооны хөтөлбөр, цахим шилжилтийн хамтын ажиллагаа, цагаачлалын байгууллагуудын хамтын ажиллагаа, орон нутгийн түвшинд Архангай аймаг болон Энэтхэгийн Ладакх бүсийн түншлэлийн тухай санамж бичгийг тус тус байгуулав.



Хамтын ажиллагааны хамгийн чухал чиглэлүүдийн нэг нь Энэтхэгийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл юм. Энэ төсөл нь Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал, эрчим хүчний хараат байдлыг бууруулах стратегийн ач холбогдолтой.
Мөн тээвэр, логистикийн салбарт хамтран ажиллаж, Улаанбаатар-Дели, Улаанбаатар-Амрицарын шууд нислэгийг нээж, аялал жуулчлал болон бизнесийн урсгалыг дэмжихээр тохиролцов. Боловсролын салбарт англи хэлний 1000 багш, мэдээллийн технологийн чиглэлээр 1000 мэргэжилтнийг сургах, “Монгол - Энэтхэгийн найрамдлын ерөнхий боловсролын сургууль”-ийг байгуулахаар болов.
Байгаль орчны салбарт Монголын “Тэрбум мод” санаачилга болон Энэтхэгийн “Ээжийн төлөө нэг мод” хөдөлгөөнийг уялдуулан мод тарих хамтарсан арга хэмжээг зохион байгуулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд хамтын хүчин чармайлтаа нэгтгэхээ илэрхийлэв. Мөн хоёр тал бүс нутгийн болон олон улсын тавцанд энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаа нотоллоо.
Айлчлалын хүрээнд хоёр орны бизнес форум, урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Энэтхэг Улсад хийж буй энэхүү төрийн айлчлал нь хоёр орны найрамдал, стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргаж, олон салбарт бодит хамтын ажиллагааг эхлүүлсэн, түүхэн ач холбогдол бүхий үйл явдал болж байна.

Эх сурвалж:
Гадаад харилцааны яам
