Үйл явдал1 мин унших
Монгол, Германы харилцаа өнгөрсөн хагас зуунд тогтвортой хөгжиж ирснийг онцлов

Ардчилал, хууль дээдлэх ёс, хүний эрх зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан Монгол, Германы харилцаа өнгөрсөн хагас зуунд тогтвортой хөгжиж ирсэн билээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэхүү найрсаг харилцааг бодит агуулгаар гүнзгийрүүлэн баяжуулах талаар ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд, ноён Ёханн Вадэфүлтэй ярилцав.
Уулзалтын үеэр Стратегийн түншлэлд тулгуурлан, батлан хамгаалах, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн чадавхыг бэхжүүлэх талаар санал солилцлоо.
Боловсрол, соёлын хамтын ажиллагаа нь хоёр орны ард иргэдийн ойлголцол, нөхөрлөлийг гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр оруулж ирсэн. Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг Боловсролыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан энэ салбарт тодорхой ажлуудыг хамтран хэрэгжүүлэх талаар хэлэлцэв.
Тухайлбал, 2026 онд Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойг тэмдэглэх, энэ хүрээнд Берлин хотноо зохион байгуулахаар төлөвлөж буй “Чингис хаан ба Монголын эзэнт гүрний түүх” сэдэвт хамтарсан үзэсгэлэн нь түүх, соёлын өвийг олон нийтэд хүргэхийн зэрэгцээ хоёр орны соёлын харилцаанд бодит ахиц авчрах чухал арга хэмжээ болохыг онцоллоо.
Эх сурвалж:
Гадаад харилцааны яам
