Үйл явдал2 мин унших
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч эрхэмсэг хатагтай Саманта Мостин айлчилж байна

Манай улсад Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ эрхэмсэг хатагтай Саманта Мостин төрийн айлчлал хийж байна.
Энэхүү айлчлал нь Монгол-Австралийн харилцааг өргөн агуулгаар баяжуулж, 30 гаруй жилийн дараа Амбан захирагчийн түвшинд болж буйгаараа түүхэн ач холбогдолтой.
Төрийн тэргүүн нарын албан ёсны уулзалтаар талууд “Өргөтгөсөн түншлэл”-ийн хүрээнд хөгжсөн хамтын ажиллагаагаа дүгнэж, ойрын хугацаанд “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэхээр санал нэгдэв. Боловсрол, эрдэс баялаг, хөдөө аж ахуй, байгаль орчин зэрэг салбаруудад хамтын ажиллагаагаа өргөжүүлж, шинэ агуулгаар баяжуулахад анхаарч ажиллах нь хоёр улсын нийтлэг эрх ашигт нийцэж байна.
Эрдэс баялгийн салбар дахь хамтын ажиллагаа нь манай улсын эрх зүйн орчин, бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох, бизнесийг хөгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулахад үнэтэй хувь нэмэр оруулж буй нь онцгой ач холбогдолтой. Боловсролын салбарт тэтгэлэгт хөтөлбөрийн квотыг нэмэгдүүлэх, сайн дурын багш нарыг Монголд ажиллуулах, богино болон дунд хугацааны сургалтыг зохион байгуулах замаар хүний нөөцийг чадавхжуулах боломжийг талууд ярилцав.

Мөн хөдөө аж ахуй, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал зэрэг олон нийтэд тулгарч буй сорилтыг хамтран шийдвэрлэх чиглэлээр Австралийн хөдөө аж ахуйн судалгааны төвтэй хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хэлэлцэв.
Цаашид “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрүүдтэй уялдуулан үр дүнтэй хамтран ажиллахыг зорьж байна.
Талууд бүс нутгийн болон олон улсын тавцан дээр бие биеэ дэмжиж, хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхэд идэвхтэй ажиллахаа нотлов.
Монгол, Австралийн харилцаа нь итгэлцэл, хамтын ажиллагаа, нийтлэг үнэт зүйлс дээр суурилж энэхүү төрийн айлчлалаар харилцаагаа иж бүрэн түншлэлд хүргэх суурь тавигдсаныг дахин хэлэхэд таатай байна.

Эх сурвалж:
Гадаад харилцааны яам
