Үйл явдал1 мин унших
Энэ жил Монгол, Камбож хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой болно

Өчигдөр /2025.08.22/ Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форум (ФЕАЛАК)-ын Гадаад хэргийн сайд нарын X уулзалтад оролцож буй орон орны төлөөлөгчидтэй хоёр талт уулзалтууд хийсний нэг нь Камбожийн Хаант Улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Чум Сүнриг хүлээн авч уулзсан явдал юм.
Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогоо хэрэгжүүлэхдээ Зүүн өмнөд Азийн орнуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг ямагт чухалчилдаг. Энэ зарчмын хүрээнд АСЕАН-ы идэвхтэй гишүүн Камбож улстай харилцаагаа өргөтгөж, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх чиглэлээр хөгжүүлэхийн төлөө ажиллаж байна.
Уулзалтын үеэр хоёр талын боломж, нөөцөд тулгуурлан хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх таатай боломж нээлттэй байгааг онцлов.
Камбожийн тал манай улстай өрнүүлж буй хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгч буйгаа илэрхийлээд, улс төрийн яриа хэлэлцээг улам идэвхжүүлэхийн зэрэгцээ НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэлээ.
Энэ онд Монгол, Камбож хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байна.


Эх сурвалж:
Гадаад харилцааны яам
