Үйл явдал2 мин унших

Гадаад хэргийн сайд нарын 10 дугаар уулзалт Улаанбаатар хотноо

Гадаад хэргийн сайд нарын 10 дугаар уулзалт Улаанбаатар хотноо

Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форум (ФЕАЛАК)-ын Гадаад хэргийн сайд нарын 10 дугаар уулзалт Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө. 

ФЕАЛАК-ын 25 жилийн ойн босгон дээр хоёр тивийн гишүүн орнууд, олон улсын байгууллагын төлөөлөгчид нэгэн дээвэр дор цуглаж, хамтын замналаа эргэн харж, ирээдүйн алсын хараагаа хамтдаа тодорхойлсон нь энэхүү уулзалтын онцгой үнэ цэн байлаа.

Гадаад хэргийн сайд нарын 10 дугаар уулзалт Улаанбаатар хотноо

“25 жил ба цаашдын төлөв: Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны алсын хараа” хэмээх уриан дор бид хамтдаа өнгөрсөн үеийн ололт амжилтыг дүгнэж, шинэ цагийн сорилт, боломжийг хэрхэн хамтын хүчээр даван туулж болох тухай санал бодлоо солилцлоо.

Төлөөлөгчид ФЕАЛАК-ын үйл ажиллагааг сэргээн эрчимжүүлэх, олон улсын харилцааны сүүлийн үеийн чиг хандлагад нийцүүлэх, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцож, эдгээр чиглэлд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ, зорилтуудыг энэхүү уулзалтын дүнгээр батлагдсан “Улаанбаатарын Тунхаглал”-д тусгав.

Мөн энэ удаагийн уулзалтын нэгэн чухал шийдвэр нь Монгол Улс “Эрчим хүчний шилжилтийн төлөөх олборлолтын салбар ба онц чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээн дэх хамтын ажиллагаа” төсөлд нэгдэхээр болсонд оршино. Байгалийн баялаг, ховор элементийн нөөцөөр баялаг манай бүс нутгийн хамтын ажиллагаа дэлхий нийтийн тогтвортой хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Гадаад хэргийн сайд нарын 10 дугаар уулзалт Улаанбаатар хотноо

ФЕАЛАК байгуулагдсанаасаа хойш хоёр тивийн ард түмнийг холбосон найрамдлын гүүр болон хөгжсөөр ирсэн. Өнөөдөр гишүүн 36 улс хамтдаа дэлхийн хүн амын гуравны нэгээс илүүг, эдийн засгийн хүч чадлын чамгүй хувийг бүрдүүлж буй нь бидний эв нэгдлийн баталгаа юм.

Монгол Улс 2010 онд энэ олон талт механизмд нэгдэн орсноосоо хойш хамтын ажиллагааны нэгэн идэвхтэй гишүүн байсаар ирлээ. Бидний хувьд ФЕАЛАК-ын хүрээний хамтын ажиллагаа бол олон тулгуурт гадаад бодлогоо хэрэгжүүлэх, гуравдагч хөршийн бодлогын орон зайг тэлэх, цаашлаад найрамдлын хүрээгээ улам тэлэх боломж юм.

Олон улсын харилцааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2012
  2. 2009