Үйл явдал1 мин унших
Бүгд Найрамдах Сингапур Улсын Гадаад хэргийн яам болон Дотоод хэргийн яамны Төрийн ахлах сайд Сим Анныг хүлээн авч уулзав

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Сингапур Улсын Гадаад хэргийн яам болон Дотоод хэргийн яамны Төрийн ахлах сайд Сим Анныг хүлээн авч уулзан, Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форум (ФЕАЛАК)-ын Гадаад хэргийн сайд нарын X уулзалтад оролцож байгаад талархлаа илэрхийлэв.
Монгол Улсын гадаад бодлого, ялангуяа Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн стратеги Зүүн өмнөд Азийн улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг чухалчлахад төвлөрдөг. Тиймээс АСЕАН-ын идэвхтэй гишүүн болох Сингапур Улстай харилцан ашигтай, найрсаг харилцааг цаашид хөгжүүлэх нь манай хоёр талын хувьд нэн чухал ач холбогдолтой юм.
Сайд Сим Анн ФЕАЛАК-ын Гадаад хэргийн сайд нарын X уулзалт амжилттай болж буйг онцлон тэмдэглээд, хоёр улсын харилцааг эдийн засгийн болон бусад олон салбарт баяжуулан хөгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлэв.
Мөн НҮБ болон олон улсын бусад байгууллагуудын хүрээнд нягт хамтран ажиллах, дэлхийн энх тайван, хөгжлийн төлөө хамтран хүчин чармайлт гаргах эрмэлзлээ харилцан нотоллоо.

Эх сурвалж:
Гадаад харилцааны яам
