Үйл явдал1 мин унших
Оманы Султант Улстай хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оманы Султант Улсын Хөрөнгө оруулалтын газрын Ерөнхийлөгч Абдулсалам Бин Мухаммад АльМуршидиг хүлээн авч уулзан, уул уурхай, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч зэрэг олон салбарт худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.
Сайд энэ оны хоёрдугаар сард Гадаад харилцааны сайдын хувиар Оманы Султант Улсад хийсэн албан ёсны айлчлалаар ярилцсан дагуу ийнхүү Ерөнхийлөгч Абдулсалам тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэнд баяртай байгаагаа илэрхийлэв.
Тэрээр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар болон холбогдох салбарын сайд нартай үр дүнтэй уулзалтууд хийж, хамтран ажиллах боломжтой төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцсоноо тэмдэглээд ойрын хугацаанд анхны жишиг төслийг эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн хоёр улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх зорилгоор хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулах асуудлыг судалж, холбогдох байгууллагуудын түвшинд хэлэлцээ өрнүүлэхээр тохиролцлоо.


Эх сурвалж:
Гадаад харилцааны яам
