Үйл явдал2 мин унших
Монгол-Тажикистан хоёр улсын төрийн тэргүүн нар “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тухай” хамтарсан мэдэгдэл гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тажикистан Улсад төрийн айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тухай” хамтарсан мэдэгдэл гаргалаа.
Мөн эрчим хүч, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, цахим хөгжил, соёл, боловсрол, аялал жуулчлал, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр баримт бичгүүд байгуулсан нь хоёр улсын харилцааг эрх зүйн үндэслэлтэй, өргөн хүрээнд хөгжүүлэхэд чухал алхам болж байна.
Төрийн тэргүүн нар Монгол Улсын “Алсын хараа-2050” болон “Шинэ сэргэлтийн бодлого”, Тажикистан Улсын “Үндэсний хөгжлийн стратеги 2030” бодлогуудыг уялдуулан хэрэгжүүлэх талаар хэлэлцэж, бүс нутгийн худалдаа, эдийн засгийн уялдааг нэмэгдүүлэх, шууд нислэг нээх, тээвэр логистикийн шинэ коридор байгуулах зэрэг хамтын ажиллагааны шинэ боломжуудыг эрэлхийлэв.

Мөн малын гаралтай бүтээгдэхүүний солилцоог нэмэгдүүлэх, мал эмнэлгийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах талаар санал нэгдэж, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуур, хөвөн зэрэг байгалийн гаралтай түүхий эдэд суурилсан. нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр тохиролцсон нь хоёр орны эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, экспортын боломжийг эрс нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой юм.
Айлчлалын хүрээнд зохион байгуулагдсан Монгол-Тажикистаны бизнес форум амжилттай болж, хувийн хэвшлийн оролцоог идэвхжүүлэн худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломжууд нээлээ.
Түүнчлэн, Тажикистан Улсын усан цахилгаан станцын туршлагыг Монголд нэвтрүүлэх, ногоон шилжилтийг дэмжих урт хугацааны түншлэлийг бий болгосон нь хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой үйл явдал болж байна. Бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний салбарт тэргүүлэгч орны хувьд Тажикистаны туршлага Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлоготой уялдаж буй нь хоёр улсын хамтын ажиллагааны давуу тал болох юм.
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, нөхөн сэргээлт, ойжуулалтын хамтарсан төсөл хэрэгжүүлэх чиглэлээр үр дүнтэй хэлэлцээ нь дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү төрийн айлчлал нь хоёр орны уламжлалт, найрсаг харилцааг шинэ эрч, агуулгаар баяжуулж, бүс нутгийн тогтвортой хөгжил, энх тайвныг бэхжүүлэх онцгой ач холбогдолтой үйл явдал боллоо. Хоёр орны ард түмний эв санааны нэгдэл, найрамдал, хамтын ажиллагаа цаашид улам батжин бэхжих болтугай.


Эх сурвалж:
Гадаад харилцааны яам
