Үйл явдал3 мин унших
Монгол, Киргизийн харилцаа шинэ түвшинд гарлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Төрийн тэргүүн нар “Иж бүрэн түншлэлийн харилцаа” тогтоох тухай Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан нь, хоёр орны найрамдлын гүн утга, ахан дүүсийн итгэлцлийн бэлгэдэл болон түүхэнд бичигдлээ.
Монгол, Киргизийн ард түмэн уулс шигээ уужуу, тал шигээ нээлттэй, нүүдэлчний эрх чөлөөг эрхэмлэгч эрхэмсэг гүн ухаантай. Тиймдээ ч хоёр орны харилцаа гүн гүнзгий харилцан итгэлцэлд тулгуурлан хөгжиж байна.

Талууд хууль, эрх зүй, боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээллийн технологи, хөдөө аж ахуй, орон нутгийн хөгжил зэрэг олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх 13 баримт бичиг байгуулсан нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулж, иргэдийн өдөр тутмын амьдралд эерэг өөрчлөлт авчрах боломжийг бүрдүүлж байна.
Тухайлбал,
“Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх” хэлэлцээр нь хоёр орны ард иргэдийн хөдөлмөр эрхлэх, амьдрах нөхцөлийг сайжруулж буй.
Гадаад харилцааны яамд хооронд тогтмол зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулснаар мэдээлэл, туршлага солилцох замаар харилцаагаа улам гүнзгийрүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдэв.
Хөдөө аж ахуйн салбарт “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ноос боловсруулах, нийлүүлэх хамтын ажиллагаа эхлүүлсэн нь хоёр орны эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, үйлдвэрлэл, худалдааг дэмжих юм.
Соёлын салбарт биет болон биет бус өвийг хамгаалж, уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, урлаг, медиа салбар дахь туршлагаа солилцон, бүтээлч үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.

Мөн цахим хөгжлийн салбарт мэдээллийн дэд бүтцийн хөгжил, дижитал шилжилтийг хурдасгах зорилгоор хамтран ажиллаж, шинэ технологиудыг нэвтрүүлэх боломжтой боллоо.
Аюулгүй байдлын чиглэлээр олон улсын харилцаа, дэлхий дахины болон бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн хөгжлийн хүрээнд судалгааны ажлын үр дүнг солилцох, эрдэм шинжилгээний бага хурал, семинар, дугуй ширээний уулзалт, академик хэлэлцүүлэг хийх, бүс нутгийн болон олон улсын шинж чанартай арга хэмжээг хамтран зохион байгуулах боломжтой.
Боловсролын салбарт хоёр орны их, дээд сургуулиуд хамтарч “Монгол-Киргизийн боловсрол, соёлын төв”-ийг байгуулан, хэл, соёлын солилцоог идэвхжүүлж, нүүдэлчдийн соёл иргэншлийн өвийг хадгалан хамгаалах үйл ажиллагааг дэмжих болно.
Орон нутгийн түвшинд Дархан-Уул аймаг, Нарын муж хооронд эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуйн шууд хамтын ажиллагаа эхлүүлж, орон нутгийн иргэд, бизнес эрхлэгчдэд шинэ боломжуудыг нээлээ.
Мэдээллийн салбарын хамтын ажиллагаагаар үндэсний мэдээллийн агентлагууд харилцан контент солилцож, улс төр, нийгэм, эдийн засаг, соёл урлаг, аялал жуулчлалын талаарх мэдээллийг өргөн хүрээнд түгээж, олон нийтэд илүү хүртээмжтэй болгох бололцоо бий боллоо.

Шинжлэх ухааны академиуд болон археологийн хүрээлэнгүүд хамтарсан судалгаа, төсөл хэрэгжүүлж, эрдэм шинжилгээний харилцааг өргөжүүлэн, түүх, соёлын өвийг хадгалан хамгаалахад анхаарч ажиллана.
Түүнчлэн радио, телевизийн салбарын хамтын ажиллагаа нь соёл, аялал жуулчлалын контентыг солилцож, хамтарсан арга хэмжээ зохион байгуулан, уламжлал, түүх, урлагийг олон нийтэд таниулахад чухал үүрэг гүйцэтгэх билээ.
Төв Азийн зүрхэн тушаа, цаст Тэнгэр хайрхан, тунгалаг Иссык-Көл нуурын ивээлд орших үзэсгэлэнт Киргиз Улс сэргээгдэх эрчим хүчний арвин нөөц, боловсролтой, залуу хүн ам, ардчилсан, нээлттэй нийгмийн тогтолцоотой.
Монгол, Киргизийн харилцаа нь улс хоорондын хамтын ажиллагаа төдийгүй, нүүдэлчдийн оюун санаа, өв соёл, итгэл үнэмшил, ирээдүйн төлөөх эв нэгдлийн илэрхийлэл юм.
Эх сурвалж:
Гадаад харилцааны яам
