Онцлох мэдээ1 мин унших
“Англи хэл мэргэшлийн төв” нээгдлээ

Өнөөдөр /2025.06.12/ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол, Америкийн харилцааны нэгэн түүхэн үйл явдалд оролцлоо.
Монгол Улсын Их Хурал 2023 онд Боловсролын ерөнхий хуулийг шинэчлэн баталж, сургалтын үндсэн гадаад хэлийг англи хэл байхаар заасан. Үүнтэй холбогдуулан англи хэлний багш нарыг чадавхжуулах, боловсролын тэгш хүртээмжийг хангах бодит хэрэгцээ, шаардлага үүссэн.

Б.Батцэцэг нь 2024 оны 7 дугаар сард Америкийн Нэгдсэн Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр англи хэлний боловсролын чиглэлээр хамтарч ажиллах талаар Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт Кэмпбэлл нартай санал солилцсон бөгөөд тэд дэмжиж ажиллахаа илэрхийлж байсан.
Энэхүү айлчлалаас долоо хоногийн дараа Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Монгол Улсад хариу айлчлал хэрэгжүүлэх үеэрээ “Америкийн Нэгдсэн Улс болон Монгол Улсын Англи хэлний төгөлдөршил санаачилга”-ыг хэрэгжүүлэхээр болсон тухайгаа мэдэгдэж байв.
Энэхүү санаачилга бодит биеллээ олж, “Англи хэл мэргэшлийн төв”-ийг албан ёсоор нээлтээ хийлээ.
Энэ хөтөлбөр нь хоёр орны харилцааг бэхжүүлэхийн зэрэгцээ Монгол, Америкийн түншлэлийн багана болсон иргэдийн ойлголцлыг гүнзгийрүүлэхэд түлхэц болно.
Төвийн үйл ажиллагааг амжилттай эхлүүлэхэд хамтран ажиллаж, хувь нэмэр оруулсан нийт хүмүүс, сургагч багш нар, Америкийн Нэгдсэн Улсын Энх тайвны корпусын болон бусад англи хэлтэй орнуудын сайн дурын ажилтнуудад чин сэтгэлийн талархал илэрхийлье.



Эх сурвалж:
Гадаад харилцааны яам
