Үйл явдал1 мин унших
Бүгд Найрамдах Индонез Улсын Ардын Зөвлөлдөх Хурлын дарга Ахмад Музанид бараалхлаа

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр /2025.05.23/ Бүгд Найрамдах Индонез Улсын хууль тогтоох дээд байгууллагын тэргүүн, Ардын Зөвлөлдөх Хурлын дарга Ахмад Музанид бараалхлаа.
Уулзалтын үеэр Монгол, Индонезийн уламжлалт найрсаг харилцаа, парламентын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд хоёр тал эрмэлзэл, итгэлцэл дүүрэн байгаа нь мэдрэгдсэн юм.
Мөн сүүлийн жилүүдэд хоёр орны хамтын ажиллагаа өргөжин хөгжиж буйг үнэлж, Гадаад харилцааны сайд нарын албан ёсны хэлэлцээ амжилттай болсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх, агаарын тээврийн шууд холбоо тогтоох, мах махан бүтээгдэхүүний худалдаа зэрэг тодорхой чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон тухай танилцуулсан.
2026 онд тохиох Монгол, Индонезийн дипломат харилцааны 70 жилийн ойг угтан хоёр тал харилцаагаа илүү өндөр түвшинд хүргэхийн төлөө байгаагаа илэрхийлж, Индонез Улс Монгол Улсад Элчин сайдын яамаа нээх шийдвэр гаргасанд талархал илэрхийллээ.

Энэхүү уулзалт парламент хоорондын найрсаг харилцааг бэхжүүлээд зогсохгүй, ардчилал, нийтлэг үнэт зүйлст тулгуурласан түншлэлийг гүнзгийрүүлэх нэгэн алхам болж буйд баяртай байна.
Эх сурвалж:
Гадаад харилцааны яам
