Үйл явдал1 мин унших
Филиппинтэй хүйсийн тэгш байдал, хэвлэлийн эрх чөлөө, цахим орчны хууль эрх зүйн зохицуулалтын талаар харилцан туршлага солилцоно

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Филиппин Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын Сенатын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Фрэнсис Эскудерод бараалхлаа.
Тэрбээр Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд анх удаа хэрэгжиж буй энэхүү айлчлал нь хоёр орны найрсаг харилцааг шинэ шатанд гаргах, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох чухал үйл явдал болж байгааг онцолж байлаа.
Эрхэм ноён Эскудерод дахин Сенатын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргээд, парламентын найрамдлын бүлгийн даргын хувиар Монгол, Филиппиний хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмэрт нь талархал илэрхийллээ.

Манай хоёр улс залуу хүн амтай, эдийн засгийн эрчимтэй өсөлтийн боломж бүхий нийтлэг онцлогтоо тулгуурлан хиймэл оюун, финтек, цахим хөгжил, гарааны бизнесийн чиглэлээр хамтран ажиллах өргөн бололцоотой.
Түүнчлэн хүйсийн тэгш байдал, хэвлэлийн эрх чөлөө, цахим орчны хууль эрх зүйн зохицуулалтын талаар харилцан туршлага солилцох, хууль тогтоогчдын түвшинд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улсын “Алсын хараа–2050”, “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлж буй зорилтуудыг танилцуулж, хоёр орны парламентын найрамдлын бүлэг, байнгын хороодын уялдаа холбоог сайжруулахын зэрэгцээ залуу болон эмэгтэй парламентчидын хамтын ажиллагааг тогтмолжуулах механизмыг бүрдүүлэх нь чухал гэдгийг онцоллоо.
Эх сурвалж:
Гадаад харилцааны яам
