Үйл явдал1 мин унших
“Япон дахь Монгол Улсын Өргөмжит консулуудын нэгдсэн холбоо”-г байгуулах талаар тохиролцов

Өчигдөр /2025.05.16/ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсын Токүшима, Тояма, Саппоро дахь Монгол Улсын Өргөмжит консул Ш.Каваүчи, К.Фүжишигэ, К.Такэүчи нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Монгол, Японы иргэд хоорондын найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, Японд оршин суугаа монгол иргэдтэй ойр ажиллаж, эрх ашгийг нь хамгаалан, шаардлагатай дэмжлэг тогтмол үзүүлэхэд анхаарч ажиллахыг хүслээ.

Мөн бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Япон Улстай хамтран жишиг төсөл хэрэгжүүлэх, орон нутгийн онцлогт тулгуурласан брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.

Өргөмжит консулууд хоёр улсын хамтын ажиллагааг эдийн засаг, боловсрол, соёл, аялал жуулчлалын салбарт улам гүнзгийрүүлэх эрмэлзлээ илэрхийлж, “Эх дэлхий хүүхдийн тосгон” олон улсын хотхон байгуулах, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүүхэд, залуучуудын оролцоотойгоор 1 сая гаруй мод тарих, мөн хүүхдийн бие бялдрын хөгжлийг дэмжих зорилгоор “Тийболл” спортыг түгээн дэлгэрүүлэх зэрэг санаачилга дэвшүүлсэн нь сайшаалтай байлаа.
Түүнчлэн “Япон дахь Монгол Улсын Өргөмжит консулуудын нэгдсэн холбоо”-г байгуулах талаар тохиролцсон юм.
Эх сурвалж:
Гадаад харилцааны яам
