Онцлох мэдээ1 мин унших
Б.Батцэцэг: АНУ-ын “United Airlines” компани Токио–Улаанбаатар чиглэлд анх удаа амжилттай ниссэн нь хоёр орны харилцаанд түүхэн алхам болов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Европын зарим оронд албан ёсны айлчлал хийх үеэр АНУ-ын “United Airlines” компани Токио–Улаанбаатар чиглэлд анх удаа амжилттай ниссэн үйл явдлыг Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын харилцаа, хамтын ажиллагааны нэгэн түүхэн алхам болов хэмээн онцолж байна.
Тэрбээр "Энэхүү үйл явдал нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд байгуулсан “Агаарын тээврийн тухай хэлэлцээр”-ийн дагуу хэрэгжиж буй, стратегийн ач холбогдол бүхий хамтын ажиллагааны бодит илэрхийлэл юм.

Хэлэлцээрийг хэрэгжүүлэх үйл явцад хоёр улсын холбогдох байгууллагуудын уялдаа холбоог хангаж, айлчлалын үр дүнг бодит ажил хэрэг болгохын төлөө тууштай хамтран ажилласан АНУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, Элчин сайд Ө.Батбаяр тэргүүтэй дипломат ажилтнуудын оруулсан хувь нэмрийг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

Манай улс дотоодын агаарын тээвэрлэгчийнхээ хөлгөөр АНУ руу шууд нислэг эхлүүлэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд хоёр улсын холбогдох байгууллагууд шаардлагатай бэлтгэлийг шат дараатайгаар хангаж байна.
Тус хамтын ажиллагаа нь зөвхөн агаарын тээврийн салбарт төдийгүй, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, аялал жуулчлал, иргэдийн харилцааг бэхжүүлэх, өргөжүүлэхэд чухал хувь нэмэр болно" гэв.

