Үйл явдал2 мин унших
Исланд Улстай олон улсын тавцанд ч харилцан дэмжлэгтэй ажиллахаа бататгалаа

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсын Гадаад хэргийн сайд Торгердур Катрин Гуннарсдоуттирын урилгаар 2025 оны 5 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийж байна.
Исланд Улс газар зүйн хувьд алслагдмал байрлалтай, хүн ам цөөн боловч аялал жуулчлал, загас агнуур, мал аж ахуй зэрэг өвөрмөц давуу талаа ашиглан хөгжиж чадсан бөгөөд туршлага солилцож, хамтран ажиллах боломж багагүй байна.
Цаг агаар нь ерөнхийдөө хүйтэн сэрүүн бөгөөд газрын гүний дулаан ашиглаж халаалт, эрчим хүчний асуудлаа шийдвэрлэсэн нь төстэй уур амьсгалтай манай оронд нэн ач холбогдолтой туршлага юм.

Тус улсын барилга, байгууламжийн халаалтын 54 хувь, цахилгаан эрчим хүчний 28 хувийг газрын гүний дулаанаар шийдвэрлэжээ. Эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх эрмэлзэлтэй манай орон Исландын энэ туршлага, технологиос авах, сурах зүйл их байгаа нь харагдлаа.
Хоёр улс харилцаа тогтоогоод 50 гаруй жил өнгөрсөн ч анх удаа ийнхүү албан ёсны айлчлал хэрэгжиж байна. Бидний харилцаа нийтлэг үнэт зүйлс болох ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёсонд үндэслэн хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийллээ.
Хэлэлцээний үеэр сэргээгдэх эрчим хүч, ногоон технологи, мал аж ахуй, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж, ирээдүйн чиг хандлагын талаар санал солилцов. Мөн дээд түвшний харилцан айлчлалын ач холбогдлыг онцолж, Гуннарсдоуттирыг ойрын хугацаанд Монгол Улсад албан айлчлал хийхийг урилаа.
Мөн хоёр улсын Гадаад харилцааны яамд хооронд “Хамтран ажиллах тухай” харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ баримт бичиг нь бидний хамтын ажиллагааг илүү уялдаа холбоотой, үр дүнтэй болгох үндэс суурийг тавьж, олон улсын тавцанд ч харилцан дэмжлэгтэй ажиллах эрмэлзлийг дахин бататгалаа.
Энэ удаагийн айлчлал манай хоёр улсын найрсаг харилцааг шинэ түвшинд гаргах нэг чухал алхам болсон гэдэгт итгэлтэй байна.
Эх сурвалж:
Гадаад харилцааны яам
