Онцлох мэдээ1 мин унших
АСИМОН холбоо “Дэлхийн Монголчууд II” хөтөлбөрийг дэмжин ажиллана

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани дахь албан ёсны айлчлалынхаа үеэр тус улсад оршин сууж буй иргэд, АСИМОН Монголчуудын холбооны төлөөлөл, Соёлын элч Д.Мэндмаа болон Монгол Улсын Өргөмжит консул Виктор Албиол нартай уулзаж, санал бодлоо хуваалцлаа.
Эх орноосоо алс амьдарч байгаа ч эх хэл, соёл, үндэсний үнэт зүйлээ хүүхэд, залуучууддаа өвлүүлэн, ажиллаж амьдарч буй иргэдийнхээ нэгдмэл зорилго, сэтгэл зүтгэлд талархахгүй байхын аргагүйг сайд онцлов.
АСИМОН холбооны зүгээс “Дэлхийн Монголчууд II” хөтөлбөрийн хүрээнд оруулж буй хувь нэмэр, иргэдийн оролцоог дэмжин, цаашид улам идэвхжүүлэн хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Мөн эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, соёлын салбар дахь хамтын ажиллагааны боломж, тулгамдаж буй асуудлуудын талаар иргэдийнхээ санал бодлыг сонсож, ярилцсан үр дүнтэй уулзалт боллоо.
Соёлын элч маань өнгөрсөн 10 жилийн хугацаанд Испанид зохион байгуулсан олон улсын төгөлдөр хуурын наадамд 100 гаруй монгол хүүхдийг оролцуулсан нь бахархалтай бөгөөд хоёр орны соёлын гүүрийг улам бэхжүүлж байна.
Иргэдийн маань эрх ашгийг хамгаалахад санаачилгатай ажилладаг Өргөмжит консул В.Албиолд талархал илэрхийлье. Цаашид эдийн засаг, хувийн хэвшлийн түвшинд харилцаагаа улам гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллах болно.
Эх сурвалж:
Гадаад харилцааны яам
