Үйл явдал4 мин унших
Б.Цэнгэл: “Шинэ яармаг”-ийн дуусаагүй барилгыг нийслэлд шилжүүлж өр барагдуулна
Ерөнхий сайдын захирамжаар өнгөрсөн наймдугаар сард Хөгжлийн банкнаас төрийн өмчит компаниудын авсан зээлийн өр төлбөрийг барагдуулах ажлын хэсгийг байгуулсан. Өр барагдуулах ажлын хэсгийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлээр ахлуулан байгуулсан юм. Энэ ажил ямар шатанд явааг тодрууллаа.
-Өр барагдуулах ажлын хэсгийн хувьд 1.4 их наяд төгрөгийн асуудлыг шийдвэрлэх шаардлага байгаа. Ажлын явц ямар шатанд явна вэ?
-Хөгжлийн банк болон арилжааны банкууд дээр байгаа төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын авсан чанаргүй зээлийн өр төлбөрийг шийдвэрлэх ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд шургуу ажилласан. Тав, зургаан удаагийн хурал хийлээ, тодорхой обьектууд дээр ажиллалаа.
Хөгжлийн банк, Капитал, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банк дээр нийт 1.4 их наяд төгрөгийн өр төлбөр байгаа.
Өр төлбөрийн асуудал он удаан жил яригдаж байгаа хэр нь өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдэхгүй явж ирсэн.
Ажлын хэсэг эхний ээлжинд Засгийн газрын тусгай зориулалтын сан болох Эрүүл мэндийн даатгал, Нийгмийн даатгалын хөрөнгүүдэд гол акцент өгч ажиллаж байна. Ажлын хэсгийн зүгээс нааштай үр дүн гарч байгаа гэж үзэж байгаа. Удахгүй үр дүнгээ Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрийн төсөл оруулна.
-Тухайлбал, ямар, ямар шийдэл гаргаад байна вэ?
-Жишээ татвал, “Шинэ яармаг” хороолол дээр баригдсан дутуу барилгыг нийслэлийн сан руу шилжүүлж, гүйцээж бариад орон сууцжуулах хөтөлбөрт хамрагдуулах арга замыг эрэлхийлж байна. “Шинэ яармаг” хорооллыг барихын тулд төслийн нэгж нь Хөгжлийн банкнаас зээл авсан байдаг, 87 тэрбумын асуудал бий.
Нийслэлийн хувьд гэр хорооллыг дахин төлөвлөх хүрээнд орон сууцжуулах сан байгуулан ажиллаж байгаа. Тэр хүрээнд дутуу баригдсан барилгыг сан руу шилжүүлж Хөгжлийн банкинд төлөх өрийг барагдуулах хувилбар дээр тохирч ажиллаж байна. Нийслэлийнхэнтэй ярьсан ойлголцолд хүрсэн.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай мөн хамтарч ажилласан. Хоёр ч зээлийн асуудлыг шийдэх гаргалгаа гаргасан. Жишээ татахад ,нийслэлийн баруун зүүн хэсэгт мах боловсруулах үйлдвэр байгуулна гээд Хөгжлийн банкнаас зээл авсан асуудал байдаг. Хөдөө аж ахуйн корпораци дээр энэ зээлийг татаж аваад нийслэлтэй яриад махны үйлдвэрийг ашиглалтад оруулах юм бол чанартай экологийн махаар нийслэлчүүдийг хангах боломжтой. Сайдын төвшинд ярилцаад ойлголцсон.
Мөн Хөдөө аж ахуйн корпорацид байгаа агуулахыг Хөгжлийн банкинд санал болгоод тооцоо хийсний үндсэн дээр дараагийн алхмаа хийе гэдэг хувилбарыг ярьж байна.
“Гантиг вилла” дээр 86 тэрбумын асуудал яригдаж байна. Орон сууц нь 60-90 хувийн гүйцэтгэлтэй байна. Тодорхой нэг хэсэг нь Хөгжлийн банкинд хураагдсан, тодорхой хэсгийг нь Капиталтай яриад авсан компани байгаа юм билээ. Үнэлгээ нь их өндөр байгаа тул бодит биш үнэлгээ гэж бид үзсэн. Барилгын хөгжлийн төв үнэлгээ тогтоох асуудлыг хариуцаж байгаа. “Ачлал” гээд хавдрын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг эмнэлэг байдаг, Хөгжлийн банкинд өртэй. Анх энэ эмнэлгийг 170 тэрбумаар үнэлсэн, 86 тэрбум дээр үнэ тохиръё гэсэн. Хөгжлийн банкинд 40 гаруй тэрбум зээлийн үлдэгдэлтэй.
Хөрөнгийн эзэн нь өндөр үнээр эмнэлгээ өгөх гээд байгааг дахин үнэлгээ хийлгэхэд үнэ бага гарсан. Энэ асуудал дээр хоёр тал уулзалт хийж үнэлгээн дээр тохирох асуудал байгаа.
Эрүүл мэндийн яамныхантай мөн уулзсан. Монгол Улсад хавдар их байгаа, тийм учраас энэ эмнэлгийг яам өөртөө авах сонирхол бий. Храамсалтай нь, Эрүүл мэндийн яам төсвөөс хөрөнгө гаргаад худалдан авах боломжгүй. Тэгэхээр эх үүсвэрийг яаж суулгах билээ. Бидний хувьд ийм хэмжээний барилга байгууламж барихад хэдий хэмжээний зардал гарах вэ гэдэг дээр тохиролцож чадахгүй байна.
“Хөтөлийн Цемент шохой үйлдвэр” төрийн өмчит компани анх Хөгжлийн банкнаас 60 сая ам. доллар авсан ч нэг ч төлөлт хийгдээгүй, хүү торгууль нь нэмэгдсээр өнөөдрийн байдлаар 450 тэрбум гаруй төгрөгт хүрсэн. Мега төслүүдийг хөдөлгөх зорилго дор Хөгжлийн банкийг байгуулсан байдаг, тэр чиглэл рүү нь хөрөнгө босгох үүрэг даалгавар өгсөн. Чанаргүй зээл ихтэй байгаагаас активт нь сөргөөр нөлөөлж байна. Тэгэхээр Хөгжлийн банкны активыг сайжруулах, цэвэрлэх ажил хийгдэнэ. Тийм учраас ажлын хэсэг дээр ажиллаад холбогдох байгуллагуудтай уулзалт хийсний үр дүнд “Хөтөлийн цемент шохой үйлдвэр” төрийн өмчит компанийн тодорхой хувьцааг Хөгжлийн банк барьцаалах замаар чанаргүй зээлийн хувь хэмжээг бууруулах ийм боломж байна гэж харж байгаа. Үйл ажиллагаа, менежментэд нь оролцоод байхгүйгээр хийнэ. Засгийн газарт танилцуулж шийдвэр гаргуулна.
Г.ХОРОЛ
Эх сурвалж:
NTV