Байр суурь2 мин унших
Б.Бат-Эрдэнэ: Алдагдалтай ажилласан ТӨХК-иудын захирлыг шагнадаг болсон байна. Ийм байж болохгүй!
УИХ-ын чуулганы /2025.11.28/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн талаар дурдмаар байна. Төрийн хэмнэлтийн хууль үйлчилж байгаа гэж ойлгож байгаа. Гэхдээ үйлчлээгүй мэт байна. Зарим газруудад бүүр гаарч байна. Тухайлбал ТӨК. Өнөөдөр бид нар ТӨК-удыг төр биш олон нийт хянадаг болсон тогтолцоо дэлхий даяараа шилжчихээд байгаа юм. Гэтэл төр хянах гэж хичээсээр л байгаа. ЗГ-аас орж ирсэн 5 жилийн үндсэн чиглэл батлах тухай дотор ч гэсэн 7.3 3.5 дээр төрийн өмч болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн хөрөнгийн өгөөж, орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн хөрөнгийн өгөөж үр ашигтай ажиллуулна гэдэг л нэр томьёолол байгаад байгаа. Бид 5 жилийн үндсэн чиглэл батлах төлөвлөгөө дотроо экспертүүдийг давсан мэдэмхийрлийг хиймээргүй байна. Энэ нь өөрөө холион бантан хутгаад байна. Тойрогтой гэдгийг ойлгож байгаа. Би ч гэсэн тойргоос сонгогдсон гишүүн. Гэхдээ 5 жилийн хөгжлийн төлөвлөгөөгөө зөв батлаад явж чадвал ядаж нэг юман дээр ч гэсэн үр дүн гаргана. Энэ нь улс эх орны хөгжилд ч хэрэгтэй. Хөгжүүлнэ гэхээс илүүтэй хулгайтайгаа тэмцвэл хөгжлийн чиг горим зөв болох гээд байна. Би яагаад ТӨК-удтай холбоотой асуудлуудыг дурдаад байна гэхээр зорилго үзүүлэлтийн тодорхой бус байдал ТӨК-уд дээр замаа алдчихсан. Ямар ч ангилал байхгүй. Аль нь ашгийн төлөө юм, аль нь нийгмийн үйлчилгээний үзүүлэлт үзүүлэх компани юм гэх мэт. Авлигын шинж чанартай маш олон зүйлүүд ТӨК-уд дээр гарч ирсэн. ЗГ дээр ЗГХЭГ-аас хяналт шалгалтын ажлын хэсэг гараад тодорхой хэмжээний дүгнэлтүүд гарчихсан байх шиг байна. С.Бямбацогт сайдаас тодорхой материалуудыг өгөөч гэж хүслээ. Өнөөдөр ТӨК-уд хөгжинө гэж ярихаас илүүтэй ТӨК-удын хулгайтай тэмцэнэ гээд 5 жилийн төлөвлөгөө дотроо оруулчихвал нийцэх гээд байна шүү. Ний нуугүй хэлэхэд. ТӨК гэдэг бол хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашиг сонирхлоо нийцүүлдэг ийм байгууллага болж хувирсан байна. Сонгуульд үйлчилдэг санхүүг нь бүрдүүлдэг байгууллага болж хувирсан байна. Алдагдалтай ажилласан компанийн захирлуудыг шагнаж урамшуулдаг болсон байна. Ийм байж болохгүй. Тэгэхээр бид 5 жилийн төлөвлөгөө дээрээ маш зөв зүйтэй саналыг экспертүүд ялангуяа ажилласан ажлын хэсгийн дүгнэлтээр авч үзээсэй гэж УИХ-ын гишүүддээ уриалмаар байна.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
