Үйл явдал2 мин унших

Б.Жаргалан: Залуу гэр бүл орон сууцтай болохын тулд гадагшаа явцгааж байна!

Б.Жаргалан: Залуу гэр бүл орон сууцтай болохын тулд гадагшаа явцгааж байна!

УИХ-ын чуулганы /2025.11.28/-ны өдрийн хуралдаанаар “УИХ-ын асуулгын цаг” өрнөж байна. Ардчилсан нам “Амьжиргааны өртөг” сэдвийн хүрээнд Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар-тай мэтгэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

Эрчим хүчний салбарыг хөгжүүлэхдээ нийлүүлтээс эхлэхгүй эрэлтээс нь эхлэнэ гэж Ерөнхий сайд та үзлээ. Макро эдийн засгийн бодлогын хувьд АН ямар бодлого баримталж байсан бэ гэхээр төсөв мөнгөний бодлогын хүрээнд нийлүүлэлтийг дэмжих бодлогыг ямагт барьж ирсэн.

Та бүхэн эрэлтийг дэмжих буюу эдийн засагт мөнгө нийлүүлэх халамж, хөнгөлөлттэй зээл гэх байдлаар эдийн засаг руу мөнгө шахах бодлогыг дэмжиж ирсэн. Үүний үр дүнд өнөөдрийн нөхцөл байдалд хүрсэн гэхэд буруудахгүй.

Залуу, шинэ гэр бүлүүдэд орон сууц худалдаж авах нь хамгийн том хөрөнгө оруулалт байдаг.  3 жилийн өмнө шинэ орон сууцны 1 метр квадратын үнэ нь 3 сая төгрөг байсан бол өнөөдөр 5 сая төгрөгт хүрчээ.

Залуу гэр бүл 60 метр квадрат орон сууц худалдаж авахад 300 сая төгрөг шаардагдаж байна. Гэтэл 6 хувийн ипотекийн зээлийн дээд хэмжээ нь 150 сая төгрөг хэвээр байгаа.

30 хувийн урьдчилгаа төлөөд 6 хувийн зээлд хамрагдлаа гэхэд 1 сарын эргэн төлөлт нь 2.7 сая төгрөг. Нэг өрхийн дундаж орлого 3 сая төгрөгт хүрэхгүй байгаа. Тиймээс залуу гэр бүл орон сууц худалдаж авах ямар ч боломж алга. Тэд орон сууцтай болохын тулд гадагшаа явцгааж байна.

Өнгөрсөн хугацаанд АН-ын ЗГ ипотекийн санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлсэн. Барилгын материалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэн зүйлүүдийг хийсэн. Одоо танай ЗГ-ын хувьд ямар бодлого барих вэ?

Түүний асуултад Ерөнхий сайд Г.Занданшатар хариуллаа

Барилгын салбарт нийлүүлэлтийг дэмжих бодлого баримтална. Ипотекийн зээл эрэлтийг нь дэмжээд байгаа юм. Дотооддоо барилгын материал үйлдвэрлэдэггүй байхад ипотекоор эрэлтийг дэмжчихээр импортоо дэмжээд ган төмөр, барилгын материал, цемент гээд бүгдийг импортоор авахаар валютын ханшийг өсгөөд, энэ нь инфляцыг өсгөж иргэдийн амьжиргаанд хүндрэл учруулаад байгаа юм. Зөвхөн эрэлтийг дэмжчихээр Туул голоос урагш худалдан авах чадвартай хүмүүс хороолол болоод үнийг өсгөөд байдаг. Орлогод нийцсэн орон сууцны бүтээн байгуулалт байхгүй. Ийм учраас эрчим хүч ч тэр, орон сууц ч тэр нийлүүлэлт талынхаа бодлогыг дэмжиж байж, тэр дундаа орцуудынхаа бодлогыг дэмжиж байж, цемент, арматур, гангийн үйлдвэрүүдээ дэмжиж байж хямд өртөгтэй орон сууцууд баригдах боломжтой.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009