Үйл явдал2 мин унших
Хангайн бүсийн аймгууд Италийн хотуудтай хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Итали Улсад төрийн айлчлал хийж буй билээ.
Энэ айлчлалын хүрээнд Хангайн бүсийн түншлэл, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, орон нутгийн хөгжлийг дэмжих бодит алхмууд хийгдлээ.
Тухайлбал, Өвөрхангай аймаг Мажоне хоттой аялал жуулчлал, соёлын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов.
Цаашид боловсрол, эрүүл мэндийн салбарт мэргэжилтэн солилцох, оюутан сургах, Италиас жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах зэргээр харилцаагаа үе шаттай өргөжүүлэх боломж нээгдлээ.
Архангай аймаг Италийн өмнөд хэсгийн аялал жуулчлалын томоохон төв Анакапри хоттой найрсаг харилцаа тогтоож, түншлэхээр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр боловсрол, соёл урлаг, аялал жуулчлал, мал аж ахуйн салбарт хамтран ажиллах болно.
Мөн Италийн хамгийн үзэсгэлэнт газруудын нэг Ловере хоттой хамтран соёлын арга хэмжээ зохион байгуулах, орон нутгийн бүтээгдэхүүнээ олон улсад сурталчлахаар тохирлоо.

Ийнхүү Европ дахь чухал Гуравдагч хөрш, өндөр хөгжилтэй Италийн туршлага, нөү хауг Монголдоо нэвтрүүлэх, нутагшуулах, улмаар бүс нутгийн онцлогтой хөгжлийн боломжийг тэлэх бодит эхлэл тавигдлаа.
Ялангуяа хөдөө орон нутагт боловсрол, эрүүл мэнд, соёлын үйлчилгээ, бизнесийн орчныг сайжруулах, хөдөө аж ахуй болон аялал жуулчлалын салбарт өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.
Монгол Улсынхаа олон тулгуурт, нээлттэй, идэвхтэй гадаад бодлогыг хэрэгжүүлэх үйлсээ шинэ ололтоор баяжуулж, гадаад харилцааны үр өгөөжийг иргэн бүрд хүргэх зорилго маань нэг том алхам урагшилж, “аяны богц дүүрэн” байгаад баяртай байна.
Эх сурвалж:
Гадаад харилцааны яам
