Үйл явдал2 мин унших

Ром хотноо “Итали-Монголын бизнес форум” зохион байгууллаа

Ром хотноо “Итали-Монголын бизнес форум” зохион байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Айлчлалын хүрээнд Ром хотноо зохион байгуулсан “Итали-Монголын бизнес форум”-д хоёр улсын 150 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

Талууд арьс, шир, ноос, ноолуур, хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлал худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтран ажиллах боломжийг эрэлхийллээ.

Эдийн засаг, бизнесийн орчны талаар харилцан мэдээлэл солилцож, дээрх салбаруудаас гадна дэд бүтэц, тээвэр, логистик, эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, ногоон технологи, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэл, техник, тоног төхөөрөмж,  агаарын тээврийн салбарт хамтрах өргөн боломж байгаад санал нэгдлээ.

Форум нь хоёр орны бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан хөрөнгө оруулахад чухал нөлөө үзүүлэхийг албаны хүмүүс илэрхийллээ.

Форумын үеэр:

- МҮХАҮТ-Италийн худалдааны агентлаг,

- МҮХАҮТ-“SIMEST”,

- Монголын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний холбоо-“Confatigianato Imprese”,

- Монголын ноос, ноолуурын холбоо-“Cassa Depositi e Prestiti S.P.A”,

- “Чандмань Консалтинг” ХХК-“IL SOLE S.R.L” хоорондын Монгол Улс, Итали Улсын хооронд анхны шууд нислэг эхлүүлэх тухай Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Итали Улс нь дэлхийн ноолуурын зах зээлийн 40 хувийг дангаараа хангадаг бөгөөд манай улсын самнасан ноолуурын 80 хувийг авдаг. Өнгөрсөн онд манай улс 1,000 кг угаасан ноолуур, 533 кг самнасан ноолуур нийлүүлсэн байна.

Манай улс Итали Улсаас барилгын материалын чулуу, хүнсний бүтээгдэхүүн, түүний дотор гоймон, чидун жимсний тос, шоколад, дарс, хүнс үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, машин механизмын эд анги голлон авдаг.

Хамтын ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023