Үйл явдал2 мин унших
ХХНББХ: Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны (2025.12.09)-ийн хуралдаан 14:03 цагт Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, М.Ганхүлэг, Ц.Мөнхтуяа, О.Саранчулуун, Б.Хэрлэн, С.Эрдэнэбат, Д.Бум-Очир, С.Зулпхар, Б.Найдалаа, М.Сарнай, Л.Энхнасан, Д.Ганмаа, Т.Мөнхсайхан, Д.Рэгдэл, Б.Түвшин, Д.Энхтуяа нарын буюу нийт гишүүдийн 55.2 хувийн ирцтэйгээр хуралдаж, Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Д.Рэгдэл, Г.Хосбаяр нарын энэ оны долдугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ.

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Д.Бум-Очир, Д.Ганмаа, С.Зулпхар, О.Саранчулуун, Б.Найдалаа нар үг хэлж, хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, С.Зулпхар, О.Саранчулуун нар шинжлэх ухааны салбарын засаглал, бүтцийн асуудлыг хөндөж, судалгааны бодлогын институцитай байх, олон улсын академик тогтолцоотой уялддаг байх, төрийн дэмжлэгийг бодитой хэрэгжүүлж, үр дүн бий болгодог байхтай холбоотой суурь асуудлуудыг хөндсөн юм. Мөн Байнгын хорооны дарга Б.Найдалаа Улсын Их Хурлын гишүүдийн энэ байр суурийг дэмжиж, тогтолцоог сууриар нь сайжруулах асуудлыг цогцоор шийдвэрлэх шаардлагатай гэдгийг онцолсон юм. Түүнчлэн тэрбээр Монголын шинжлэх ухаан академид суурилсан тогтолцоотой хэвээр явах уу, их сургуулиудад суурилах уу гэдгээ шийдэж, бүтэц, тогтолцооны асуудлыг цаг үеийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэх асуудал хүлээгдэж буйг сануулсан юм.
Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих, эсэх талаар төсөл тус бүрээр санал хураалт явууллаа. Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 64.7 хувь, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 58.8 хувь, Шинжлэх ухааны академийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн 64.7 хувь нь дэмжив
Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба