Байр суурь3 мин унших
А.Ариунзаяа: Тамхины татварыг тэглэхгүй байх асуудлыг яаралтай оруулж ирэхээр үүрэгдэж, тогтоол гаргуулах тул дэмжиж өгөхийг гишүүдээсээ хүсье!
УИХ-ын чуулганы /2025.12.11/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлэв.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
Хөрш ОХУ-тай манай гадаад худалдаа 2024 оны хувьд ямар байсан бэ гэвэл 2,9 тэрбум долларын харилцаа үүссэн байна. Худалдааны тэнцэл -97%. Энгийнээр хэлбэл ОХУ биднээс 100 сая долларын бараа худалдан авсан, харин бидОХУ-аас 2,8 тэрбум долларын худалдан авалт хийсэн байна.Бид Оросоос бараа худалдаж авч, манай валют Орос руу явж байгаа. Гэтэл Орос маань биднээс 100 сая долларын л бараа бүтээгдэхүүн худалдаж авч байна аа. Тэгэхээр энэ нь маш ашиггүй наймаа, ашиггүй харилцаа гэсэн үг. Дөнгөж 24 онд ийм байгаа юм уу гэвэл "Үгүй". Үргэлжид ийм харилцаатай байсан. Монгол Улсын ЗГ, Монгол Улсын бизнес эрхлэгчид ОХУ-ын үе үеийн удирдлагуудад ямар хүсэлт хэлдэг байсан гэхээр "Биднээс юм худалдаж аваач ээ, бид нар бараагаа гаргая гэхээр маш өндөр татвартай байна. Биднийг эдийн засгийн хоригт оруулчихсан юм биш үү! Mатварын орчноо эргэж хараач ээ" гэж маш олон жилийн хугацаанд гуйсан.
Тэгээд 2020 онд Евроазийн хэлэлцээрт, бүс нутгийн хэлэлцээрт оруулах боломж бүрдэх юм байна аа, энд нэгдвэл Монгол Улсад ашигтай нөхцөл байдал үүсэх юм байна гээд хэлэлцээрийг анх эхлүүлсэн. 2020 онд ажлын хэсэг байгуулагдаж н.Хүрэлбаатар сайд ахлаад ажиллаж байсан. Ингэж явсаар 2025 оны 4 сард Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор энэ хэлэлцээр орж, байгуулах зөвшөөрлийг нь олгоод Н.Учрал дарга сайд байхдаа 6 сард очиж, 6 орны түвшинд уг гэрээг үзэглэсэн. Соёрхон батлах эцсийн үе шат явж байх үед гэрээг өөрчилье, буцъя, цуцалъя гэдэг нь өөрөө маш ёс зүйгүй. Монгол Улс хэлсэн үгэндээ хүрдэггүй гэдэг асуудал үүснэ. Ийм учраас УИХ-ын гишүүд маш хариуцлагатай байж энэ хэлэлцээрийг соёрхон батлах хэрэгтэй.

Н.Учрал дарга энэ бол тамхины хэлэлцүүлэг биш шүү гэж хэлсэн боловч тамхитай холбоотой бидний санаа зовнил байгаа нь илэрхий байна аа. Гаалийн татварыг, тамхины татварыг бид анзааралгүй өмнөх хэлэлцээрүүдийг явуулчихжээ, хоцорчихжээ. Үүнийг О.Номинчимэг гишүүн маш сайн хэлж байгаа. Тэгэхээр тамхитай холбоотой асуудлыг онцгой албаны татвараар зохицуулна аа гэсэн зохицуулалтаа оруулж ирэхийг УИХ-аас давхар даалгамаар байна. Тиймээс санаа зовж байгаа гишүүд маань ЗГ-ыг тогтоолоор үүрэгжүүлчихлээ.
Яаралтай энэ онцгой татварын асуудлыг оруулж ирнэ ээ гэсэн ойлголттойгоор, сөрөг бодолгүйгээр уг Евроазийн хэлэлцээрийг соёрхон батлах боломжтой байх аа гэж үзсэний үндсэн дээр Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороон дээр тогтоол дагаж гаргах зарчмын зөрөөтэй саналыг гаргасан. Үүнийг гишүүдийг дэмжиж өгөхийг хүсэж байна аа.
Мөн үүнийг 3 жилийн түр хэлэлцээр гэж байгаа боловч 3 жилийн дараа автоматаар сунгагдаад явах юм. Тэгэхээр 3 жилийн дараа зайлшгүй үнэлгээг УИХ-аар оруулж, үргэлжлүүлэх үү, үгүй юү гэдэг асуудлыг тогтоолоор даалгахыг хүссэн байгаа. Ийм учраас энэ тогтоолын ач холбогдлыг сайн ойлгож УИХ-ын гишүүд гэрээг соёрхон баталж, мөн түүнчлэн тогтоолыг дэмжиж өгөхийг хүсэж байна аа.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

