УИХ-ын чуулганы /2025.12.12/-ны өдрийн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
Эрсдэлийг бууруулах тал дээр төр оролцох ёстой гэдэгтэй санал нэг байгаа. Та бидний боловсруулаад ЗГ-аас санал авахаар өргөн барьсан. Хуульд энэ зүйл, заалт байгаа. Бид гамшиг болохын өмнө сэргийлж чадвал хохирол багатай туулна гэдэг зарчим дээрээ байгаа.
Цаашдаа МАА-н салбарын эрсдэлийг бууруулах хууль эрх зүйн орчныг өшөө сайжруулах ёстой. Өнөөдрийн малын индексжүүлсэн даатгалын хууль хэрэгжээд 11 жил болж байна. Мөн өнөөдрийн өөрчлөлт орсноор малчдад багахан дэмжлэг болно гэж харж байгаа. Цогц утгаар нь харвал ХАА-н даатгал тэр дундаа МАА-н даатгалыг олон талаас нь харах ёстой юм билээ. Төр тодорхой хэмжээнд оролцох ёстой. Жишээ нь 2023, 2024 онд гамшгийн асуудал нь эдийн засгийн үнэлгээгээрээ 1,6 их наяд төгрөгийн хохирлыг Монгол Улсын эдийн засагт, малчдад учруулсан. Үүний эсрэг гамшгийн эрсдэлийг бууруулахад ганцхан зуд гэдэг өнцгөөр харж болохгүй. Даатгалын салбарын эрх зүйн орчныг өшөө сайжруулах ёстой.
Хоёрдугаарт, малчдыг албан журмын даатгалд хамруулж байгаа юм шиг заалт байна гэж байна. Төрөөс үзүүлж байгаа хөнгөлөлттэй зээл тусламжид малчин хүн хамрагдахаар бол малын индексжүүлсэн даатгалд зайлшгүй хамрагдах ёстой гэсэн зүйл орж ирсэн. Ажлын хэсэг олон талаас нь ярьж байгаад хууль санаачлагчид нь буцаах саналтай байгаа. Энэ хуулийн өөрчлөлтөд хөнгөлөлттэй зээл авахын тулд "даатгалд хамрагдах ёстой" гэдэг заалт байхгүй болж байгаа. Арилжааны банкнууд янз янзын нөхцөлүүд тавьдаг. Ядаж төр нь тухайн хүн амжилтаа үнэлүүлэх байдаг юм уу, төрийн ямар нэгэн үйлчилгээ авахад малчин хүнээс даатгалд заавал хамрагдах ёстой гэдэг журмуудаа хасчихмаар юм билээ.