Үйл явдал1 мин унших
Баян-Өндөр сумын иргэд малчдын орлого, хүний нөөц, авто замын асуудлыг хөндлөө

Одоохон...
Үйл явдал1 мин унших

“Ардын нам – Ард түмэндээ” аяны хүрээнд УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлийн ахалсан ажлын хэсэг Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд ажиллаж, орон нутгийн иргэд, намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Уулзалтын үеэр иргэд мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх, хонины ноос, ямааны арьс, хонины нэхий зэрэг түүхий эдийг боловсруулах үйлдвэртэй холбож, малчдын орлогыг бодитоор нэмэгдүүлэх шаардлагатайг хөндлөө.
Мөн хот суурин газарт махны үнэ өндөр байгаа ч малчдын гар дээр очих орлого хангалттай нэмэгдэхгүй байгааг хэлж, мал, махны нийлүүлэлт, борлуулалтын тогтолцоог сайжруулах шаардлагатайг онцлов.

Түүнчлэн хөдөө, орон нутагт хүний нөөцийн дутагдал тулгамдсан асуудал хэвээр байгааг иргэд илэрхийлж, залуучуудыг нутагтаа ажиллаж, амьдрах нөхцөлөөр хангах, орон сууцжуулалт, залуу малчдыг дэмжих бодлогыг эрчимжүүлэх талаар санал хэллээ.
Иргэдийн зүгээс авто зам, дэд бүтцийн асуудлыг мөн хөндөж, сумдыг аймаг, бүс, улсын чанартай авто замын сүлжээтэй холбох нь орон нутгийн хөгжил, иргэдийн амьдралын чанар, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг зах зээлд хүргэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо.
Баян-Өндөр сумын иргэдийн гаргасан санал, хүсэлтийг анхааралтай тэмдэглэн авч, малчдын орлого, хүний нөөц, орон сууц, залуу малчдын дэмжлэг болон авто замын асуудлыг бодлого, шийдвэрийн түвшинд уламжлан ажиллах болно.