Үйл явдал2 мин унших
Евразийн Эдийн засгийн холбоо болон Монгол Улс хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдөр (2025.12.12)-ийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг хуралдаанд оролцогч гишүүдийн 84 хувийн саналаар соёрхон баталлаа.
Монгол Улс хэлэлцээрийн хүрээнд ЕАЭЗХ-ны гишүүн орнууд руу 367 нэр, төрлийн бараанд гаалийн тарифын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлснээр аж ахуйн нэгжүүдийн орлого нэмэгдэж, хөдөө аж ахуйн салбарын шинэ зах зээлд нэвтрэх боломж бүрдэж, дотоодын бизнес эрхлэгчдийн гадаад худалдааны туршлага, чадварыг нэмэгдүүлж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд түлхэц болох юм.
Уг хэлэлцээр хэрэгжсэнээр манай улсын ДНБ 0.02 хувь, хөрөнгө оруулалт 2.57 хувь, ЕАЭЗХ руу хийх экспорт 24.1 хувь өсөх боломжтой байна.
Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг 75,0 хувийн саналаар эцэслэн батлав. Энэ хууль нь олон улсын худалдааны нөхцөл байдал, гадаад хүчин зүйлээс сэргийлэх, стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, даван туулах арга хэмжээг тодорхойлох, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой.

Үүний дараа Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцэслэн батлав.
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 79,3 хувийн саналаар батлав. Тус хуульд малчдын даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлж тогтвортой байдал, зудын эрсдэлийн нөлөөллийг бууруулах, нөхөн төлбөрийг урьдчилан олгох зохицуулалт зэргийг тусгаснаар малчдын амьжиргааны эх үүсвэрт дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.

