#Коммент2 мин унших
Д.Энхтүвшин: Гишүүдийн дэмжсэн, дэмжээгүй саналыг даруй олон нийтэд ил байршуулдаг болсноор ард түмний засаглах эрх бэхэжнэ

УИХ-ын гишүүний гол ажил бол санал хураалт буюу саналаа өгөх. Олон нийтийн дунд хэлж хэвшсэнээр ”кноп дарах" үндсэн үүрэгтэй.
Гэхдээ кноп бүр улстөрчийн тухайн асуудалд хандаж буй үзэл баримтлал, бодлого, байр суурийг илэрхийлдэг ч санал хураалтын дүн тэр даруй тодорхой харагддаггүй, нийтэд хүрдэггүй. Энэ нь хариуцлагын тогтолцоо төлөвшөөгүйн илрэл бөгөөд нөгөө “саналаа зардаг”, “кнопчин” гэх асуудлуудын суурь шалтгаан болоод буй юм.
Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүн ирцээ бүртгүүлсэн ч санал хураалтдаа оролцож кноп дарахгүй бол тухайн асуудлыг дэмжээгүйд автоматаар тооцдог. Энэ процессийг ашиглан асуудалд хандах явдал газар аваад байгаа.
Тиймээс УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Байнгын хороод хийгээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар орж ирсэн асуудлыг нэр бүхий гишүүн дэмжсэн эсэхийг даруй олон нийтэд мэдээлдэг боломжийг нээж өгөхөөр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан, өчигдөр /2025.12.17/ өргөн мэдүүллээ.

Өөрөөр хэлбэл УИХ-ын сайтад аливаа хуулийн өөрчлөлтөд сонгосон гишүүн маань ямар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн болох, дэмжсэн болон дэмжээгүй нь шууд харагддаг болох нь. Ингэснээр гишүүний "үнэн"-ийг мэдэхэд нэг алхам ойртож байна гэсэн үг.
Сүүлийн жилүүдэд парламентын гишүүд сонгогчдод таалагдахын тулд олон нийтийн анхаарлын дунд явдаг сэдвүүдээр попрох, үг үйлдэл зөрдөг асуудлууд шүүмжлэл дагуулдаг. Тиймдээ ч УИХ-ын гишүүний “кноп бүр” үнэ цэнтэй байж, нэхэл дагуултай, нэр төрийн илэрхийлэл, улстөрийн карьерын хувь заяа болохыг сануулж, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм.
Хуулийн төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
Өнгөрсөн жил Төсвийн төслийн санал хураалтад хэн нь дэмжсэн, хэн нь дэмжээгүй санал өгснийг олж үзэх гээд жил боллоо. Энэ ил тод байх ёстой. Тодорхой байр суурь илэрхийлчхээд түүнийхээ эсрэг үйл хийхгүй байхыг шаарддаг болно гэсэн үг юм.
Өнөөдөр хуралдааны дэгийн тухай хуулиар чуулганы хуралдааныг нэвтрүүлэх, мэдээлэх харилцааг хэт ерөнхий хуульчилсан бөгөөд уг зохицуулалтууд нь хэлэлцүүлгээс гарсан шийдвэр, санал хураалтын үр дүнг иргэдэд мэдээлэх бус нэвтрүүлэх, албан хэрэг хөтлөх, тэмдэглэлийг хадгалах шинжтэй байна.
Тиймээс журмыг илүү боловсронгуй болгож, чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хорооны хуралдаанаар хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэх болон эцсийн хэлэлцүүлгийг явуулсан хуралдааны санал хураалтын дүн, санал өгсөн гишүүн бүрийн дэмжсэн, дэмжээгүй саналыг Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудсанд товч мэдээлэл хэлбэрээр тухайн өдрөө байршуулахаар тусгалаа гэв.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн


