Үйл явдал2 мин унших
”Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай" анхдагч хуулийн төслийг Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.18/-ийн нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр соёрхон батлагдсантай холбогдуулан “Хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр эцэслэн баталсан юм.
Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Төв банкны тухай хуулийн 26 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Монголбанкыг УИХ-аас томилогдсон Ерөнхийлөгч толгойлж үйл ажиллагаагаа УИХ-ын өмнө хариуцан тайлагнана. Монголбанкны Ерөнхийлөгчийг УИХ-ын даргын өргөн мэдүүлснээр УИХ нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасны дагуу УИХ-ын дарга Н.Учрал өөрийн бүрэн эрхийн хүрээнд С.Наранцогтыг тус албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн ба хуралдаанд оролцсон гишүүдийн 79.8 хувийн саналаар Монголбанкны Ерөнхийлөгчөөр Санжаагийн Наранцогт томилогдов.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсаас гадаадын зарим улсад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай саналыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүн П.Дэлгэрнаран өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх саналыг гишүүдийн олонх дэмжиж УИХ-ын тогтоолын төсөл батлагдлаа.
Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүлэв.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
”Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай" анхдагч хуулийн төслийг Төсвийн байнгын хороонд, “Нийгмийн ажлын тухай хууль”-ийн төслийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын Байнгын хороонд, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төрийн Байгуулалтын байнгын хороонд, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Эдийн засгийн Байнгын хороонд шилжүүллээ.

