Байр суурь2 мин унших
Л.Энх-Амгалан: Сингапур улсын Тимосек компаниас 108 удаа туршлага судалсан ч үр дүнгүй!
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
Төрийн өмчит 101 компанид 59 мянган хүн ажиллаж байна. Бүгдээрээ нийлээд 25.9 тэрбумын борлуулалт хийж байна, өр төлбөр нь 22.8 их наяд болсон. Хамгийн их өр төлбөр үйлдвэрлэдэг. Нийт хөрөнгө нь 60 их наяд гарсан хэрнээ хөрөнгийн өгөөж нь 9.6. “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой” хоёрыг хасвал хөрөнгийн өгөөж нь хасах гарна. Монгол Улс зах зээлд шилжээгүй, хуучнаараа төрийн өмчид суурилсан эдийн засагтай улс орон гэдэг дүгнэлт гарна.
Гашуун сургамжууд их бий. Монголын цахилгаан холбоо компани гэж үнэ цэнэтэй компани байсан. Энийг стратегийн компани хувьчлахгүй гэж үнэлээд ямар үнэ цэнэтэй болов. Мобиком, Скайтель, Юинтельтэй харьцуулахад ямар болов. Төр холбооны үйлчилгээ монополь байх ёстой гээд Тагнуулын ерөнхий газар бие даагаад харилцаа холбооны компани байгуулж байсан, ийм гашуун сургамж их байна. Өмч хувьчлалыг хийхдээ биенээ хардахгүй сэрдэхгүй хийх ёстой!
Саяхан С.Бямбацогт сайд Синапурын Тимосек компани дээр очоод ирсэн байна лээ. Онигоотой зүйл хэлье. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй очиход Тимосек сан дээр Монгол Улсаас 108 дахь удаагийн зочид төлөөлөгч нар ирж байна. Та нар төрийн өмчийнхөө өөрчлөн байгуулалтыг одоог хүртэл хийгээгүй юм уу гэж асууж байсан.
Дэлхийн хэмжээнд манай монголчуудын хамгийн их очсон газар нь “Тимосек, Норвегийн баялгийн сан хоёр байдаг. Маш их судалсан, маш их иөнгө зарсан эргээд үр дүн байхгүй.
Одоо нөхдүүд минь зориг гаргаж, хардлага сэрдлэгээ хойш тавж, өмч хувьчлалаа явуулбал явуулсан шиг явуулах хэрэгтэй. Маш их ярилаа, биенээ маш их хардаж сэрдлээ. Та бүхэн санаж байгаа бол Төрийн өмчийн хороонд Валя хүү гуай гээд гадны зөвлөх үйлчилгээг насаараа өгсөн хүн бий.
Одоо ч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар/ТӨБЗГ/-т ажиллаж байгаа болов уу. Одоо бид нар шийдвэр гаргаж хийхгүй бол ТӨБЗГ -ын дарга БЦэнгэл Валя хүү гуайн араас орно. Хэдэн боть номоо тэврээд тэтгэвэртээ гарна энэ цаг удахгүй. Шинэ парламент гарлаа, энэ хүрээнд гаргах ёстой шийдвэр бол хувьчлал.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
