Байр суурь2 мин унших
А.Ариунзаяа: Сүүлийн үед яагаад залуучуудын зүрх гэнэт зогсоод байна вэ?
Эмнэлэг барих
УИХ-ын чуулганы /2025.12.25/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
Чадахгүй байгаа асуудлаа зээлээр ч гэсэн хамаагүй шийдэж байвал маш сайн. Нэн ялангуяа зүрх судасны өвчлөлийн тархалт бол маш өндөр байгаад байгаа юм. Нас баралтын 35% нь 45-65 насны буюу хөдөлмөрийн насны иргэд яг зүрх судасны өвчлөлөөр нас барж байна. 2024 онд 5789 хүн зүрх судасны өвчлөлөөр нас барсан статистик байгаа. 2030 он гэхэд манай улсын зүрх судасны тусламж үйлчилгээний шаардлага 2,6 дахин нэмэгдэнэ гэсэн тандалт судалгаа байгаа.
Бид нар асуудлаа мэдэж байгаа юм бол зөвхөн эмнэлэг бариад эмчилгээгээ нэмэгдүүлээд асуудал өөрчлөгдөхгүй. Тэгэхээр үндэс, углуургаар нь шалтгаан юу байгаа юм бэ? Ямар учир шалтгааны улмаас хүмүүсийн даралт нь ихсээд зүрх нь хаагдаад байна вэ гэдэг дээр ЭМЯ тодорхой шалтгаануудыг судалсан уу. Олон нийтэд мэдээлэх арга байна уу?
Хооллолт хэрэглээтэй холбоотой байгаа юм болбол энийг өөрчлөхийн тулд бид өнөөдөр юу хийх вэ ухамсарт ямар сонголт хийх вэ гэдэг чухал байна. Яагаад эрэгтэйчүүд нь илүү өртөөд байгаа юм, яагаад ковидоос хойш маш олон залуучууд гэнэт зүрх нь хаагдаад байгаа юм бэ гэдэг дээр иргэд маш том асуултын тэмдэгтэй байна. Үнэхээрийн харамсалтай. Залуучууд өнөөдөр нэг л өдөр инээж явж байгаад л зүрх нь хаагдаад байна. Үүн дээр бид ямар нэгэн өөрчлөлт хийх ёстой. Төрийн бодлого юун дээр дутагдаж байна вэ гэдгийг ЭМЯ мэдээлдэг баймаар байгаа юм. Зөвхөн ЭМЯ ч биш бүх нийтээрээ анхаарах ёстой. Төрийн бодлого үүнд чиглэх ёстой. Яг юунаас болоод нэн ялангуяа сүүлийн үед залуучуудын зүрх зогсоод байна вэ?
Сэтгүүлч Б.Хонгорсайхан

